Х.Золжаргал: Сурагчийн дүрэмт хувцсыг 130 гаруй компани хамтран оёж байна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
Тэрээр гадуур цөөн хэдэн компаниудад сурагчийн дүрэмт хувцас оёх эрхийг өгсөн гэсэн яриаг эрс няцааж, энэ үйл ажиллагаанд 130 гаруй компани оролцож байгааг мэдэгдсэн юм. Үүнд оёдлын 69, сүлжмэлийн 48, хялгас ялгах 8, ээрэх 6 компани нийлж сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж байгаа аж. Өмнө нь 6000 тонн ноосыг угааж, экспортлоод 20 орчим тэрбум төгрөг олдог байсан. Үүний оронд дээрх ноосоо дотооддоо боловсруулан, дүрэмт хувцас үйлдвэрлэж 250 тэрбум болгон өсгөх боломжтойг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга ярьж байв. Түүнээс дээрх асуудалтай холбоотойгоор зарим зүйлийг тодруулсан юм.
.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас танайхыг тендер зарлалгүйгээр дүрэмт хувцасны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулсан гэж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Энэ сарын 29-ний өдөр ШӨХТГ-аас ”Сонгон шалгаруулалт хийлгүйгээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг сонгосон нь өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн” гэсэн акт ирсэн байна. Энэ талаар би хуулийн мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад үнэхээр зөрчсөн байх юм бол хуулийн дагуу болгож залруулах болно. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцасыг Монголын 130 үйлдвэр үйлдвэрлэх болно. 7 оёдлын үйлдвэрийн асуудлыг гадуур их ярьж байна. Энэ 7 үйлдвэр дор бүрнээ туслан гүйцэтгэгчтэй. Хамгийн гол нь чанар. Тиймээс бүх үйлдвэрүүдийг толгой үйлдвэрүүд нь хариуцаж ажиллуулахгүй бол энэ нь алдагдана. Өөрөөр хэлбэл нэг том үйлдвэрийн цаанаа оёдол, сүлжмэл, утас ээрэх, ноос ялгах зэрэг жижиг үйлдвэрүүд байгаа.
.
Ер нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа юмуу ажил үйлчилгээ авахдаа тендер зарладаг. Тэгвэл бид улсын төсвийн мөнгөөр ямар ч үйлчилгээ авахгүй байгаа. Монгол улсын хэмжээгээр бид аттестатчилал явуулсан. Энд манай яамнаас гадна Стандартчилал хэмжил зүйн газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайныхан, Нэхмэлийн хүрээлэн, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Монголын Сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв зэрэг байгууллагууд оролцсон. Эдгээр байгууллагууд нь бүх оёдлын үйлдвэрүүдээр явж аттестатчилал хийсэн юм. Ингээд үүнийгээ нэгтгээд “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцасыг оёх үйл ажиллагааг зохион байгуулах гэрээ хийсэн. Нэг үгээр хэлбэл, бид юм оёж болох бүх газруудыг хамруулах үүднээс сонгон шалгаруулалт хийгээгүй. Шаардлагатай бол нөхөөд хийж болох байх. Үүнд энэ 4 дүгээр сард байгуулагдсан зөвхөн сурагчийн дүрэмт хувцас оёх холбоо нилээд дургүйцэж, гомдол гаргаад байгаа. Үүнд “Бат зүү”, “Их шаглаа” зэрэг компаниуд багтсан. Эдгээр компаниудыг бид удаа дараа “Монголын оёдлын холбоо” болон бусад үйлдвэрүүдийн удирдлагуудтай цуг суулгаж байгаад хамтран ажиллах санал тавьсан ч хамтрахгүй гэдгээ илэрхийлж эсэргүүцсэн. Тэд “хамтрахгүй, дангаар оёно” гэсэн саналтай байдаг.
.-Сурагчийн дүрэмт хувцасны үнийг бууруулах боломж бий юу?
-Өмнө нь сурагчийн дүрэмт хувцас 3 иж бүрдлээс тогтож байсан. Харин одоо 5 иж бүрдэлтэй болсон. Яг иж бүрдэл тус бүрээр нь авбал үнэ нь өмнөхөөсөө өндөр биш байгаа. Энэ дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд дан ганц Монгол хонины ноосыг ашиглаж байгаа болохоор үнэ жаахан өндөр болсон. Гэхдээ бид нийгмийн эмзэг бүлэг, олон хүүхэдтэй айлуудад төлбөр мөнгийг нь гаргуулахгүйгээр хүргэх талаар ярилцаж байгаа. Энэ талын арга замыг бид ярилцаж олоод, Ерөнхий сайдад танилцуулж шийдүүлж чадвал дээрх хүмүүст өндөр үнээр өгөхгүй. Тухайлбал Халамжийн сангаас гаргуулах, олон хүүхэдтэй айлын хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх, тодорхой хэмжээний дүрэмт хувцасыг бэлэг болгож өгөх зэргээр төлөвлөж байгаа. Үүний шийдлийг 100 хувь гаргаагүй байна. Гэхдээ үүнд ганц болон хоёр хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, амьдралын түвшин боломжийн хүмүүс хамрагдахгүй.
.
-Сурагчийн дүрэмт хувцасыг товлосон хугацаанд нь амжуулж оёж дуусгах уу?
-Өнөөдрөөс эхлээд дүрэмт хувцасны эсгүүр хийж байгаа. Гэрээнд байгаа графикийн дагуу эхний хэсгийг ирэх сарын 25-нд, дараа нь 9 дүгээр сарын 15-нд, 30-нд нийлүүлнэ. Эхний ээлжинд 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцас үйлдвэрлэж гарна.
Дашрамд хэлэхэд бидний үйлдвэрлэж байгааг хувцас ШУТИС-ийн Нэхмэлийн техникийн хүрээлэнгээс өмнөх дүрэмт хувцаснуудтай харьцуулахад даавууны хувьд маш чанартай гэдэг нь тогтоогдсон. Энэ бол удаан эдэлж хэрэглэгдэх хувцас.
.
-Дүрэмт хувцасны даавууг хэзээ оруулж ирж дуусах вэ?
-Нийтдээ 900 мянган метр даавуугаар үйлдвэрлэнэ. Үүнээс 30 мянгыг нь нийлүүж дууссан. Маргааш 120 мянга нийлүүлэгдэнэ. Ер нь бол 5 хоногийн хугацаатайгаар даавууг нийлүүлж, 8.30 гэхэд бүрэн нийлүүлж дуусна.
Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр зарцуулж буй мөнгөний тухайд 12 тэрбумыг даавуунд, 9 тэрбумыг оёдлын үйлдвэрүүдэд, хоёр тэрбум төгрөгийг сүлжих үйлдвэрүүдэд зарцуулж байгаа.
.
-Чингис бондын хөрөнгөөс 68.8 сая ам.долларыг ҮХААЯ-нд хуваарилсан. Үүнийг юунд зарцуулах вэ?
-Үүгээр ноолуурын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ. “Голомт” банкаар дамжуулж, ноолуурын үйлдвэрүүдийг санхүүжүүлэх тал дээр хамтарч ажиллана.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ