Ногоочдыг “хөдөө аж ахуйн зохистой дадал”-д сургана

img

Хүнсний тухай хуульд өөрчлөлт орж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд хөдөө аж ахуйн зохистой дадал буюу хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн тухай цогц бичиг баримтыг хэрэглэхээр болсон. Энэ ажил одоогоор бичиг баримт боловсруулах шатандаа явж байгаа аж. Үүний дараа ногоочдоо сургах үйл ажиллагааг зохион байгуулж, хуульд заасны дагуу ирэх оны нэгдүгээр сар гэхэд газар тариалангийн зохистой дадлыг хэрэгжүүлж эхлэхээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга М.Ариунболд хэлж байна.

.

Тэрээр “Аль болох энэ үйл ажиллагааг товч тодорхой хөтлөхөд хялбар, хамгийн гол нь эргээд хэрэглэгчид үзээд тухайн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, найдвартай эсэхийг нь мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл ийм чанартай юм чинь ийм үнэтэй байх нь аргагүй гэсэн ойлголт өгөх ёстой. Хүмүүс манайд төмсний хэт их үйлдвэрлэл бий боллоо. Үүнийгээ экспортлож болдоггүй юмуу гэж ярьдаг. Гэтэл монголчууд монголчууддаа итгэхгүй, төмс авахдаа хальсыг нь хуулаад зогсч байхад гадныхан үүнийг худалдаж авах уу? Ийм ч учраас зохистой дадал олон улсын хэмжээнд мөрдөгдөж байдаг. Энэ төрлийн стандартуудын нэг хэлбэрийг монголчууд бид мөрдөх цаг болсон” хэмээн ярьж байсан юм.  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохистой дадлыг нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөх үйлчилгээг гаргасан байна.

.

Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайбал нэг ногоочин хүнсний ногоо тариалаад борлуулахдаа түүнийгээ хэзээ, хаана, ямар технологиор тариалсан болон тариалахдаа химижүүлэлт хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол ямар химийн бодис хэдийд ашигласан зэргийг хөтөлсөн байх ёстой юм. Түүнчлэн ногоогоо ямар усны эх үүсвэрээр усалсан, хураалтаа хэзээ хийсэн, ямар саванд савласан, хаана ямар машинаар тээвэрлэсэн, агуулахад хэрхэн хадгалсан бэ гэдгээ ч нарийвчлан хөтлөх ёстой аж. Энэ бүх үйл ажиллагааг бүртгэж харуулсан цогц бичиг баримтыг хөдөө аж ахуйн зохистой дадал гэж үзэх юм байна. Гэхдээ үүнийг хөтлөхөд бэрхшээл ихтэй, ногоочин болгон үүнийг хөтлөөд явах чадвар байхгүй зэрэг олон хүндрэл тулгарч байгааг хариуцсан салбарын яамны мэргэжилтнүүд хэлж байв. Мөн хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт нь нүсэр учраас “хүнд суртлын хэрэгсэл” гэсэн сөрөг асуудал гарах вий гэсэн болгоомжлол байгаа тэд нуусангүй.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
estoi hetsuu yum bna lee naad bichgiig avah gej am'tanii ul dolooj guih gej tegeed zarim orond bur bhgui meddeggui yum bna lee bas 1 hahuuliin heregsel boloh yum bna le dee
2013-08-01