Мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж нээлттэй болголоо

img

Статистикийн салбарт 2013 оныг статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгосонтой холбогдуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийхэд  хэрэгцээтэй байдлыг харгалзан ҮСХ-ны даргын зөвлөлийн энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар тооллого болон ӨНЭЗС, АХС зэрэг үндэсний хэмжээний түүвэр судалгааны анхдагч мэдээлэл, Нөөц ашиглалтын хүснэгт (НАХ), Салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай нууцлалыг бүрэн хангасны үндсэн дээр www.1212.mn веб хуудсанд байршуулан цаашид хэрэглэгчдэд  нээлттэй ашиглуулах шийдвэр гаргасан. Эдгээр статистикийн тоо, мэдээллийг ашиглаж хийгдсэн шинжилгээ, судалгааны үр дүнг тус хороонд танилцуулж мэдээлэх ажлыг хэрэглэгчдийн зүгээс хийх шаардлагатай.   Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2002, 2007-2008 , 2009-2012 он, Ажиллах хүчний судалгааны 2002, 2006-2008, 2010-2012 оны анхдагч мэдээллийг, Хүүхэд хөгжил судалгааны 2000 оны, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны 1998, 2003, 2010 оны анхдагч мэдээллийг, НАХ-ийн 4х4, 20х20, 32х32 харьцаатай матриц, 2010 оны СХТ-ийн  ашиглалтын 4х4, 20х20, 32х20, 48х20 харьцаатай матриц, нөөцийн 4х4, 20х20, 32х20, 48х20 харьцаатай матрицыг www.1212.mn веб хуудсанд монгол, англи хэлээр нийтэд ашиглуулахаар тавьсан. Салбар хоорондын тэнцэл, Нөөц ашиглалтын хүснэгтийн мэдээллийг тус веб хуудасны Статистик мэдээллийн сан цэснээс, Өрхийн нйигэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа зэрэг судалгааны анхдагч мэдээллийг цэсний тооллого, судалгааны каталоги хэсгээс авч ашиглах боломжтой болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ