Хорт хавдрыг эрт оношлоход хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Японы Сакура группын ерөнхийлөгч, Омета группын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, техникийн тусламж хариуцсан дарга ноён Кэничи Мацумотог хүлээн авч уулзлаа. Талууд эрүүл мэндийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хорт хавдрыг эд эсийн түвшинд эрт оношлох, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
5 Ноён Кэничи Мацумото цаг зав гарган хүлээн авч байгаад талархлаа илэрхийлээд хэлэхдээ, “Эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх нь чухал ч эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тоног төхөөрөмжийг засварлах инженерүүдийг бэлтгэх нь илүү ач холбогдолтой. Манай групп БНХАУ, Вьетнам, Молдави зэрэг хэд хэдэн улстай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, сүрьеэ, ДОХ, хорт хавдрын зайн оношлогоог идэвхижүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хорт хавдрын өвчлөл түгээмэл болж байна. Ялангуяа умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрууд ихэссэн. Японд хавдрыг эрт зөв оношлох талаар урт удаан хугацаанд судалгаа хийсний дүнд зайн оношлогоог амжилттай туршаад байгаа юм. Монгол улс ч зайн оношлогоог нэвтрүүлж, өөрийн орондоо эмч, инженерүүдээ бэлтгэдэг болох хэрэгтэй. Бидний зүгээс хамтран ажиллаж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлмээр байна” гэв. Мөн Монголын эмнэлгүүдэд нийлүүлсэн багаж, төхөөрөмжүүд олон улсын стандартад нийцэхгүй байгаа нь тендерийн үйл ажиллагаатай шууд холбоотойг ноён К.Мацумото онцолсон байна.
5 П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ