Эхийн сүүнд 100 гаруй төрлийн амин дэм байдаг
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр Нэгдүгээр амаржих газарт нээлтээ хийлээ.
.
Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Ролл, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч, доктор Су Нюунт У, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Нэгдүгээр амаржих газрын эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов.
:
Дөнгөж төрсөн нярайг 30 минутын дотор эхийн сүүгээр амлуулах нь хүүхдэд насан туршийн дархлааг суулгах юугаар ч орлошгүй амин дэм болдог. Эхчүүд ч мөн адил хүүхэддээ ангир уургаа аль болох хурдан амлуулна тэр хэрээр савны агшилт сайн байж, төрөхийн дараах хүндрэлийг бууруулдаг сайн талтай. Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг. Манай улсын хувьд хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь 71 хувь, 6 сар хүртэл нь хооллох нь 59 хувь, 2 нас хүртэл нь хөхүүлэх нь 66 хувьтай байгаа аж.
:
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. 1 наснаас хойш хүүхдийг хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг юм байна.
:
Эхийн сүүнд лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй ямар ч хуурай сүү, хүүхдийн тэжээлд байдаггүй 100 гаруй төрлийн ашигтай элемент, амин дэм байдаг аж. Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолдог байна.
₮
Хүүхдийг төрсөн цагаас эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Эхийн сүү нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон, амархан шингэдэг. Дан ганц эхийн сүүгээр хооллож байгаа бол гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна. Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг аж. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй. Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.
₮
Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг. Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг. Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн гол нь үнэ төлбөргүй.
₮
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ