Н.Алтанхуяг: Бидний аль алинд нь ашиг л хэрэгтэй
“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит ярилцлага өнөөдөр Төрийн ордны А танхимд боллоо.
4
Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар амралтаа авсан 14 хоногт бид хөдөө орон нутагт ажиллалаа. Миний хувьд амралтын хугацаанд Монгол Улсын баруун болон зүүн бүсийг нийслэл хоттой холбох авто замын ажил хэрхэн хийгдэж байгаатай танилцаад ирсэн. Дорнод аймгийг нийслэлтэй холбох авто замыг “Насны зам” компани хийж гүйцэтгэж байгаа. Тус компанийн хийж гүйцэтгэж буй авто замаас 60 км-ийг нь гурван компанид хувааж өгсөн. 173 км замыг тус компанийхан өөрсдөө хийж гүйцэтгэнэ гэсэн. Богино хугацаад хийж гүйцэтгэнэ хэмээн урт зам авсан компаниуд замаа тавьж чадахгүй бол эртхэн өөр компаниудад хувааж өгөх шаардлага тавиад байгаа. Ямартаа ч зүүн чиглэлийн авто зам энэ оны арваннэгдүгээр сард дуусна. Мөн баруун чиглэлийн авто зам Архангай аймгийн Чулуут голоос хатуу хучилттай зам дуусч байгаа ба Увс аймгийг нийслэлтэй холбох авто замын ажил хэвийн үргэлжилж байна. Баруун хязгаарыг нийслэлтэй холбох авто замын хувьд 2014-2015 онуудад ашиглалтад орох тул замын ажлын тендэрийг цаг тухайд нь зарлаад явна” гэлээ.
4
Ерөнхий сайд сурагчийн дүрэмт хувцаснаас үүдсэн асуудлыг шийдэх зорилгоор холбогдох хүмүүстэй уулзсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа урсах 50 орчим тэрбум төгрөгийг дотооддоо үлдээж, 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Монголын оёдлын нэгдсэн холбоо хариуцан, 5000 орчим оёдолчинг ажлын байртай болгох асуудлыг шийдэж байгаа. Хувь хүмүүс ч энэ ажилд нэгдэн сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд нэгдэж болно. Үнийн хувьд материалын чанараас шалтгаалан өнгөрсөн онд худалдаалсан дүрэмт хувцаснаас 2000-15000 төгрөгийн л илүү байгаа. Хамгийн гол нь сурагчийн дүрэмт хувцасны үнэ нь 90-100 мянган төгрөг болж нэмэгдээгүй, тухайн сурагч дүрэмт хувцасны коллекцийг бүтнээр нь авах бол энэ үнээр авна" гэдгийг хэлэв.
5
Орон сууцны өндөр хувийн хүүтэй зээлээ найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн 14 мянга орчим иргэн байна. Харин шинээр 3000 гаруй иргэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байгаа аж. Сэтгүүлчдийн зүгээс гадны хөрөнгө оруулалт, долларын ханшны өсөлт, Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлсэн тухай болон Оюутолгойтой холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас асуусан.
5
-Гадаадын хөрөнгө оруулагчид буурсан гэх мэдээлэл байна. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-2012 оны сонгуулиас өмнө гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан батлагдсан хуулийг шинэчлэлийн Засгийн газар зассан. Гадаад, дотоод гэхгүй хөрөнгө оруулагчдад илүү боломжийн ажиллах нөхцөлөөр хангаж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг шинэчлэлийн Засгийн газар хийж байгаа.
4
-Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-той зөвшилцсөн үү?
-Манай зэсийн баяжмал гараад эхэлсэн. Зэсийн баяжмалтай холбоотой асуудлаар “Рио Тинто”-гийн зүгээс уулзаж, асуудлаа хамтдаа шийдье гэсэн бидний саналыг хүлээж авч байгаагаа өнгөрөгч даваа гаригт мэдэгдсэн. Бидний зүгээс танай тал, манай тал гэж талцахгүй. Хоёулаа манай тал. Учир нь бидний аль алинд нь ашиг л хэрэгтэй.
6
-Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүллээ. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна?
-Долдугаар сарын сүүлээр Хадгаламж банк Төрийн банкинд шилжсэн. Энэ бол Монголбанкны эрх үүргийн хүрээнд яригдах асуудал. Монголбанкны зүгээс Хадгаламж банкинд үүссэн эрсдлийг тооцон аль нэг банкинд шилжүүлэх ажлыг хийсэн. Төрийн банкны зүгээс Хадгаламж банк болон дагалдаж ирэх зээлийг судалсаны дүнд өөртөө шилжүүлэн авсан байна.
4
-Хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх ажил зогсонги байдалд орсон талаар тодруулаач?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглэн сайжруулсан зууханд түлэх хагас коксжсон нүүрсний үйлдвэр барихаар болсон. Уг тендерт ялсан компани ОХУ-ын технологчидтой хамтран хагас коксжсон нүүрс гаргана гээд 18 тэрбумыг авсан. Гэтэл тэд дэлхийд байхгүй технологиор хагас коксжсон нүүрс гаргана хэмээн цаг алдаад байна. Тэдний хэлж буйгаар 2015 оноос хагас коксжсон нүүрс гарна гэж мэдэгдсэн.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ