Ажилласан жил нөхөн тооцох хугацааг 10 сар хүртэл сунгалаа

img

Нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийг Хүн ам, нийгэм хамгааллын сайдын баталсан журмаар наймдугаар сарын 1-нийг хүртэл  үргэлжлүүлсэн. Хуулийн хэрэгжилтийн хугацаа өчигдөр дууссан бөгөөд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн юм.

Хууль хэрэгжсэнээр 700 мянган хүн энэ хуульд хамрагдан ажилласан жилээ нөхөн тооцуулахаар тооцоолсон. Долдугаар сарын 30-ний өдрийн мэдээгээр  дээрх хүмүүсийн 361600 хүн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан байна. Түүнчлэн  ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байгаа аж. Хуулийн хүрээнд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалаа нөхөн тооцуулсан иргэдэд олгох эх үүсвэрийг 2014 оны улсын төсөвт суулгаж, ирэх оноос эхлэн хэрэгжих юм.

Гэхдээ хуулийн хэрэгжилтийн хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгон ХАХНХ-ын сайдын тушаал гарч, энэ сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар болжээ. Харин дахин сунгасан хугацаанд хүсэлт гаргах иргэдийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс  тооцохоор болсон байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2015 оноос юм уу?:
2014 оны 1 сар биш юм уу?
2013-08-01