"Миний богино юбка" арга хэмжээ болно
"Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд" ТББ нь олон улсад жил бүр зохион байгуулагддаг хүний эрхийг хамгаалах V-Day аяны хүрээнд "Миний богино юбка" арга хэмжээг хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл түгээх, эмэгтэйчүүдийн энэхүү эрхээ эдлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах зорилготой зохион байгуулж байна. Уг арга хэмжээг хүнийг аливаа байдлаар ялгаварлан гадуурхах, эсвэл нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхэд уриалах зорилгогүй бөгөөд тайван замаар зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь дэлхий олон улс оронд болдог бөгөөд нас, хүйс харгалзахгүй олон хүмүүс дэмжин оролцдог билээ.
.
Агуулга:
- 1. Хүн бүр өөртөө итгэлтэйгээр өөрийн хүссэн хувцсаа өмсөж, дүр төрх, имиджээ илэрхийлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн гоо сайхан байдал хэн нэгэнтэй харьцуулахгүйгээр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй
- 2. Хүн өөрийн хүссэн хувцсаа өмсөөд явахад бусдаас доромжлол, халдлага, хүчирхийлэлд өртөхгүй байх эрхтэй.
- 3. Хэрвээ ямар нэг халдлагад өртсөн бол нийгмийн хандлагаас дахин хохирогч болж буруутгагдахгүй байх
.
БҮСГҮЙ ТА,
. - хэзээ нэгэн цагт ус цацах, хормой сөхөх, биед тань зөвшөөрөлгүй хүрэх гэх мэт гудамжны халдлагад өртөж байсан уу - хүссэн даашинз, юбка эсхүл өнгөлөг тод хувцас өмссөнийхөө төлөө элдэв бүдүүлэг доромж үгийн бай болж байсан уу? - гудамжинд ийм юм өөрт тохиолдсоноо хүмүүст хэлэхэд "орой болсон байсан", эсвэл "чи задгай хувцас өмссөн болохоор" зэргээр өөрөө эргээд буруутгагдсан тохиолдол байсан уу? Магадгүй эдгээр энгийн дасал болсон юм шиг халдлагууд бидний халдашгүй, эрх чөлөөтэй, чөлөөтэй зорчин явах, айдас дарамтгүй амьдрах эрхийг маань зөрчсөөр байна. Энэ бүхний эсрэг бусад олон эмэгтэйчүүдтэй хамтран дуу хоолойгоо хүргэх энэ боломжийг бүү алдаарай!
. ЗАЛУУ ТА,
. - өөрийн ээж, эгч, охин дүү, найз охин, найзыгаа мөн өөрийн бяцхан охиноо гудамжинд хэн нэг этгээдийн халдлага, дэггүйтлийн хохирогч битгий болоосой гэж хүсч байгаа бол - хэн нэгэн эмэгтэй гудамжинд халдлагад өртөж байхад бусад хүмүүс хажуугаар нь юу ч болоогүй юм шиг дуугүй өнгөрдгийг өөрчилмөөр байгаа бол - Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр хүйс харгалзахгүй халдашгүй, эрх чөлөөтэй гэдэгт итгэдэг бол бидний дуу хоолойг дэмжин энд заавал хүрэлцэж ирээрэй! .
Хэзээ: 2013.08.02. Баасан гараг Хэдэн цагт: 19:00 Хаана: Битлзийн хөшөөний урд, УИД-ээс урагш талбайд Хувцас: Эмэгтэйчүүд богино юбка, даашинз эсвэл өнгөлөг тодоор хувцаслаарай..
Зохиолч Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийн "Миний богино юбка" монолог олон нийтэд уншигдахаас гадна МӨРӨӨДЛИЙН БҮЖИГ ЗАЛУУСЫН КЛУБ (Dream Dance) латин бүжгийн моб-оороо бидний үйлс, санаачлагыг дэмжин оролцож байгаад бид баяртай байна
Бидэнтэй хамт байгаарай, найз нөхдөө дагуулаад олуулаа ирж цоо шинэ түүхийн гэрч болоорой!"Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд" ТББ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ