
Нийслэлийн хүнсний захууд дээр өчигдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногоосоо буурчээ. Монголын Үндэсний Стастикийн хорооноос гаргасан мэдээллээр “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Таван- Эрдэнэ”, “Хархорин” зэрэг захуудад үхрийн ястай мах кг нь 3-5 хувиар буурчээ. Тухайлбал 7 дугаар сарын 24-нд “Хүчит шонхор” зах дээр үхрийн ястай мах кг нь 8000 төгрөг байсан бол долоо хоногийн дараа 7600 төгрөг, “Хар хорин” захад 8300 төгрөгөөр худалдаалагдаж байгаад 8000 төгрөг болж буураад байна.
Харин үхрийн цул мах кг тутамдаа 3-4 хувиар бууран, “Таван- Эрдэнэ” захад кг нь 11000 төгрөгөөр худалдаалагдаж байгаад 10500 төгрөг болон буурсан бол “Хүчит шонхор” захад 9500 төгрөгөөс 9000 төгрөг болон буурчээ.Хонины ястай мах “Меркурри”, “Бөмбөгөр” худалдааны төвүүдээс бусад дээр дурдсан захуудад 2-4 хувиар буурч, кг нь 7000-8000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Хонины цул махны тухайд “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудад үнэ нь өмнөх долоо хоногоосоо 2-3 хувиар буурч, 7800-8000 төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл адууны махны үнэ долоо хоног бүр хямдарч байгаа бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн захуудад 5800-6800 төгрөгийн хооронд борлуулагдаж байгаа аж. Ямааны махны хувьд ч 5800-6000 төгрөг буюу бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ