Уурхайнуудаа шинэчлэхгүй бол эрчим хүчний үнэ өссөөр л байна

Хоцрогдсон техник технологи нь нүүрсний үнийг өсгөж байна
Эрчим хүчний үнэ нэмэгдэх хамгийн анхдагч буюу суурь шалтгаан бол мэдээж төрийн өмчит уурхайн компаниуд. Жил ирэх тусам эрчим хүч хэрэглэгчдийн тоо өсч, үүнийгээ дагаад дотоодын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа ч, энэ ажлыг нугалж байгаа төрийн өмчит зарим уурхайнуудын хүчин чадал, техник технологи өнөөх л 20-30 жилийн өмнөхөөрөө байгаа. Гэтэл хоцрогдсон техник технологи нь эргээд нүүрс олборлох үйл ажиллагааны зардлыг өсгөж, энэ нь явсаар хэрэглэгчдэд очих эрчим хүчний үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байна. Тодруулбал, 1978 онд байгуулагдсан, Монгол улсын эрчим хүчний 50 хувь, төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээний 60 хувийг дангаараа үүрдэг төрийн өмч давамгайлсан Багануурын уурхайгаар жишээ татъя. Тус компани нь хөрс хуулалтын хоцрогдол, олборлолтод шаардлагатай ус таталтын хүндрэлд орж, тоног төхөөрөмжүүдийн 90-ээс дээш хувь нь насжилт хэтэрсэнээс нүүрсний өртөг нь борлуулах үнээсээ давжээ. Техникийн шинэчлэлт хийгдээгүйн дээр уурхайн гүн болон тээвэрлэлтийн зай жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд ажиллагсдын дундаж цалин бага байгаагаас хүний нөөцийн эрсдэлд орсон байна. Хэрвээ тус уурхайд технологийн шинэчлэл хийж чадвал 2012 онд нэг тонн тутамдаа 23100 байсан нүүрсний үнэ жил бүр буурсаар 2016 он гэхэд 14600 төгрөг болох боломжтой аж.
Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээ 2025 онд 18.1 сая тоннд хүрнэ
Төрийн өмчит уурхайнуудад менежментийн шинэчлэлт хийх талаар Уул уурхайн яамны дэд сайд Эрдэнэбулганаас тодруулахад “Бодлогын хувьд яам дэмжиж байна. Энэ бол зайлшгүй хийгдэх шаардлагатай ажил. Гэхдээ бид төрийн өмчит уурхайнуудыг шинэчлэх асуудлыг хариуцдаггүй” хэмээн хариулсан. Гэтэл Багануурын уурхайд л гэхэд 1998 онд хийсэн нарийвчилсан судлагаагаар 708.2 сая тоннын нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон ч, банкны ТЭЗҮ боловсруулахад хайгуулын ажлын чанар хангалтгүйд тооцогддог байна. Тус ордод олон улсын стандартын дагуу нэмэлт хайгуул хийж, нөөцийг дахин тодотгосон тохиолдолд нэг тэрбум тонн болж өсөх боломжтой юм байна. Угаасаа ч төвийн бүсийн нийт нүүрсний хэрэглээ жил ирэх тутамд өсч байгаа. Тодруулбал 2012 онд 6.5 сая тонн байсан бол энэ онд 6.8 сая тонн, ирэх онд 7.5 сая тонн гэх мэтээр шат дараатай өссөөр 2025 он гэхэд жилдээ 18.1 сая тоннын хэрэгцээ шаардлагатай болох тул хүссэн хүсээгүй уурхайн нөөцийг дахин нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлага тулгараад байна. Түүнчлэн шинээр баригдах 5 дугаар ДЦС-ийн 30 хувь, Багануурын ЦС-ын нүүрсний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөсөн Багануурын уурхайн нүүрс олборлолт 2020 он гэхэд 6 сая тоннд хүрэх аж. Тус уурхайд нүүрсний эрэлттэй уялдуулан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал уурхайд эхний ээлжинд нүүрсийг баяжуулах үйлдвэр байгуулах, хаягдал багатай технологи нэвтрүүлэх, далд уурхайн технологийн зарим давхаргуудад ашиглаж эхлэх зэрэг олон ажлыг эхлүүлэх шаардлага тулгамдаад байгаа аж. Эрчим хүч өөрөө эдийн засгийн хөдөлгөгч хүчийн нэг болохоор үнэ нь өсөөд л байвал үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүнээс эхлээд л бүх зүйл “хаданд” гардаг. Төрөөс өөрийн уул уурхайн компаниудаа сайжруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгүй л бол эрчим хүчний үнэ өссөөр, ирээдүйд иргэдийн нуруунд үүрэгдэх ачаа улам л нэмэгдсээр байх бололтой. А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ