Банкуудын 78 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байна

img

  Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын нийт хадгаламж 5 дугаар сараасаа 1.9 хувь буюу 98 тэрбум төгрөгөөр багасчээ. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 673.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Харин гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш тогтмол буурсаар, валютын хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 13.6 нэгж хувиар буурчээ.   Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 9.9 хувь буюу 65.4 тэрбум төгрөгөөр багассан бол өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин их өсч 591.8 тэрбум төгрөг болсон аж. Иргэдийн төгрөгийн хадгаламжийн хувьд өмнөх сараас 1.7 хувь буюу 56.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 17.3 хувь буюу 493.4 тэрбум төгрөгөөр өсч 3348.4 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж 5 дугаар сараасаа 89.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 187.2 тэрбум төгрөгөөр буурч 1100.7 тэрбум төгрөг болжээ.   Арилжааны банкуудын нийт хадгаламжийн 78.2 хувийг төгрөгийн хадгаламж, үлдсэнийг нь валютын хадгаламж эзэлж байгаа аж. Төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.7 нэгж хувиар өсчээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ