
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд - 2013” цэргийн сургуулилт өнөөдөр эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран Налайх дүүргийн Таван толгой дахь сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Хааны эрэлд-2013" Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Герман, Япон, Энэтхэг, Индонез, Балба, Өмнөд Солонгос, Тажикстан, Англи болон Вьетнамын цэргийн хүчнийхэн оролцож байгаа билээ.
Сургуулилт нь Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төв дээр энхийг сахиулах, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн команд штабын болон цэргийн хээрийн сургалтаас бүрдэн явагдана. Энэхүү хоёр сургалтын үеэр Монгол, АНУ-ын болон олон улсын хүчнүүд бүс нутгийн харилцан ажиллагааг сайжруулж, үр нөлөөг нэмэгдүүлэх, нэгдсэн тактик, арга барил болон журамтай болоход чиглэн хамтран ажиллана.
Мөн сургуулилтын үеэр цэргийн инженерүүд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан хөтөлбөрүүд болон Улаанбаатар хотод зохион байгуулагдах эрүүл мэндийн хамтын ажиллагаануудад оролцож нийтэд үйлчилж, өөрсдийн анагаах ухааны болон инженерийн хосолсон чадвараа сайжруулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ