Ажлын хөлсөө өгөхгүй бол амиа хорлоно гэжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Баянхайрхан” компанийн барьж байгаа 12 давхар барилгаас өнөө өглөө 40 гаруй насны эрэгтэй амиа хорлохыг завджээ. Албан бус мэдээллээр уг эрэгтэй шөнийн 01.00 цагаас эхлэн амиа хорлоно хэмээн өдийг хүртэл сууж байгаа аж. Түүнийг аврахаар аврах тусгай ангийнхан болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн иржээ. “Баянхайрхан” компанийн барилгад ажилладаг бөгөөд компанийн зүгээс нэг ч удаа ажлын хөлсийг нь өгөөгүй байна. Тиймээс компанийн удирдлагуудаа яг одоо 50 сая төгрөг дансанд нь шилжүүлэхийг шаардаж байгаа аж. Хэрвээ шилжүүлэхгүй бол амиа хорлоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Тэрбээр ажлынхаа хөлсөнд гэж нэг ч төгрөг аваагүй учир 50 сая төгрөг дансанд хийхгүй бол амиа хорлоно гэсэн гэнэ.
Уг мэдээллийн дагуу “Баянхайрхан” компанийн захирал н.Дамбатай холбоо барьлаа.
-Танай компани цалингаа өгөхгүй байгаа нь үнэн юм уу?
-Манай компанийн зүгээс ажилчдын цалинг дутагдуулсан тал үгүй. Харин энэхүү барилгын ажил дээр ажиллаж буй гүйцэтгэгч компанийн талаар сайн мэдээлэл алга.
-Амиа хорлохыг завдаж байгаа хүнийг таних уу?
-Амиа хорлохыг завдсан ажилчний мэдээллийг судалж байгаад эргэн мэдээлэх болно. Одоогоор үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.
Амиа хорлохыг завдсан 40 гаруй насны эрэгтэйг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн авч явжээ.
“Баянхайрхан” компанийн 12 давхар барилгын ажил яг одоо хэвийн явагдаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ