"Сүрдүүлэгч" эр 50 сая төгрөгтэй болсон ч цагдаагийн мэдэлд шилжлээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ монгол” бүрэн дунд сургуулийн баруун талд байрлах “Баянхайрхан” компанийн 12 давхар барилгын кранаас 40 гаруй насны эрэгтэй амиа хорлохыг завдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Уг мэдээллийн дагуу тус барилгыг зорин очиход амиа хорлохыг завдсан эрэгтэй өргөгч краны хүндрүүлэгчийн хажууд сууж байсан юм. Харин Онцгой байдлын аврагчид түүний хажууханд буюу баригдаж буй барилгын дээвэр дээрээс түүнтэй харьцаж байлаа.
.
“Баянхайрхан” компани нь уг барилгын ажилд хэд хэдэн гүйцэтгэгч компанитай гэрээ хийж ажилласан гэнэ. Түүний нэг болох гүйцэтгэгч “УБУ” компани нь барилгын ажилдаа гүйцэтгэх бригад авч ажлуулсан нь амиа хорлохыг завдаж буй 40 гаруй насны эрэгтэй болох Цэрэнноровын бригад ажээ. Гэвч гүйцэтгэгчид нэг ч удаа ажлын хөлс өгөөгүй тул ийнхүү “УБУ” компаниас 50 сая төгрөг нэхэмжилсэн байна. “УБУ” компанийн зүгээс мөнгө өгөхгүй гэсэн тул “Баянхайрхан” компанийн удирдлагууд түүнийн данс руу 50 сая төгрөг шилжүүлснээр амиа хорлохыг завдагч кран дээрээс эсэн мэнд бууж ирлээ.
.
Эх сурвалжийн мэдээлснээр н.Цэрэнноров өчигдөр 23.30 цаг уг кран дээр гарч, амиа хорлоно хэмээн үзүүр хэсэгт нь сууж байсан аж. Гэтэл Онцгой байдлын аврагчид түүнийг бугуйлдаж буулгахыг завдсан тул ийнхүү хойд хэсэгт очин 12 цаг гаран суусан аж.
Ямартай ч, тэрбээр санасандаа хүрч дансандаа 50 сая төгрөгтэй болсон ч “амьд явах эрхээ зөрчсөн” түүнийг цагдаагийн ажилтнууд саатуулан авч явлаа.
.
Харин “Баянхайрхан” компанийн хувьд өөрсдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй энэхүү амиа хорлохыг завдсан үйлдлийг таслан зогсоож, өөрийн данснаас 50 сая төгрөг шилжүүлжээ. Улмаар “УБУ” компанийг ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөх үед нь н.Цэрэнноровт өгсөн 50 сая төгрөгийн тооцоог хийхээр тохиролцсон гэнэ.
.
Ер нь барилгын салбарт ажиллагсдын цалин хөлстэй холбоотой хэрэг нэлээдгүй гардаг. Цалин мөнгөө цагтаа авч чаддаггүй, гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу, ажил олгогч болон ажилтнуудын хариуцлага сул байдгаас хүний амь нас эрсдсэн тохиолдол ч цөөнгүй. Иймд их бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэж буй барилгын салбарынхан минь бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай ажиллахыг хүсэх байна.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ