
Энэ сард ихэнх нутгаар сэрүүсч, сарын сүүлчээр хөрсөн дээр 0-5 хэм дулаан болж цочир хүйтэрнэ.
Баруун зүгийн нутгаар энэ сард орох борооны нийт хэмжээ нь Баян-Өлгий, Увс, Завханы хойд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Харин төвийн бүс нутаг болох Хөвсгөл, Өвөрхангайн өмнөд, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орно.
Зүүн зүгийн нутгаар сарын нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар өдөртөө 28-33 хэм хүрч халах төлөвтэй байна. Харин говийн нутгаар энэ сард орох борооны нийт хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорноговийн бүх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байхыг Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Энэ сарын 07-ноос 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээгээр
7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс, Говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ