Шинэчлэгчид эхний зорилтоо биелүүлсэн гэв
МАН-ын Шинэчилье нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАН-ын “Шинэчилье” хорооны ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, НИТХ-ын гишүүн Б.Амарбаясгалан тэргүүтэй эрхмүүд оролцов.
МАН-ын удаа дараагийн ялагдал нь намд итгэх ард иргэдийн итгэл буурч, намын үйл ажиллагаанд алдаа бий болсныг батлан харуулж байна хэмээн намын гишүүд үзсэн аж. Тиймээс өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдөр МАН-ын бодлого, үйл ажиллагааг сайжруулахад гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлж, дүрмийн болон бүтцийг шинэчлэх зорилгоор намын гишүүд дэмжигчдийн нэгдсэн “Шинэчилье нэгдсэн хөдөлгөөн” байгуулагдсан гэнэ.
.
Шинэчилье нэгдсэн хөдөлгөөнд одоогийн байдлаар намын дэргэдэх болон гишүүд дэмжигчдийн санаачлагаар байгуулагдсан 13 байгууллага нэгдэж, намын удирдлагууд болон бусад байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Тус хөдөлгөөн байгуулагдсанаас хойшхи 1 сарын хугацаанд намын шинэчлэлийн ажлыг гүнзгийрүүлэх зорилгоор хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.
.
Тухайлбал, долдугаар сарын 1-ний өдөр МАН-ын гишүүд дэмжигчдэд хандсан 5 заалт бүхий уриалга гаргасан. Долдугаар сарын 18-ны өдөр Ө.Энхтүвшин дарга болон ерөнхий нарын бичгийн дарга Г.Занданшатар нарт хандсан 8 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ сарын 2-ны өдөр Бага хурлын гишүүдэд хандсан уриалга гаргалаа. Энэ сарын 4-ний өдөр намын Удирдах зөвлөлд хандсан 4 заалт бүхий шаардлагыг тус тус хүргүүлж, тухай бүрт шийдвэрлүүлэхийн төлөө олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан.
.
Эдгээр шаардлагуудын дүнд МАН-ын VIII бага хурал энэ сарын 5-ны өдөр хуралдаж, ирэх аравдугаар сарын 27-ны өдөр намын 27 дугаар Их хурал хуралдахаар тогтлоо. Тус хурлаар намын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдлага зохион байгуулалт болон дүрмийн шинэчлэл хийхээр тогтож, зохион байгуулах ажлын хэсгийг хамтарч байгуулахаар болсон. Иймд МАН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн эхний зорилтоо биелүүлсэн хэмээн тэд мэдээллээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ