Захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн эрх ашгийг хамгаална

img

Иргэдийн эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн гол зарчим юм. Уг зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал механизм нь захиргааны хэргийн шүүх бөгөөд уг шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нь нийгэмд ил тод байдал, шударга ёс тогтох, хүний эрх, эрх чөлөөг хангах нэгэн баталгаа болж өгдөг байна. Тэгвэл  төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хууль зөрчиж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн тохиолдолд иргэдийн эрх, эрх чөлөөг  хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны хэргийн шүүх нь үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж Баянзүрх дүүргийн Ардчилсан нам үзэж байгаа ажээ. Учир нь өчигдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас уг асуудлаар хэвлэлийн  бага хурал зохион байгуулсан бөгөөд хэвлэлийн бага хуралд тус дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Хуулийн хэлтсийн дарга Ч.Батбаатар, хууль Г.Энхтөр нар оролцсон юм. Тэдний мэдэгдэж буйгаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Хуулийн хэлтсийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, Улаанбаатар хот болон 11 аймгийн 1500 иргэн мөн хууль, хяналтын байгууллагын 200 албан хаагчдын дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс газрын маргаан, өргөдөл, гомдол, хөдөлмөрийн маргаан, бизнесийн үйл ажиллагаа зэрэг асуудлаар иргэдийн эрх ашгийг олноор зөрчиж байсан байна. Тухайлбал, дан ганц МАН-ын ашиг сонирхол, эрх мэдэл ноёлсон ямар ч сөрөг хүчингүй Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх ашгаараа хохирсон, улс төрийн намын харьяаллын улмаас асуудлаа шударгаар шийдвэрлүүлж чадахгүй байгаа Баянзүрх дүүргийн иргэд судалгаанд оролцогчдын дунд цөөнгүй байжээ. Судалгаанд оролцогчид захиргааны хэргийн шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй шалтгаанаа захиргааны хэргийн шүүх гэж ямар байгууллага байдгийг мэдэхгүй, захиргааны хэргийн шүүх хүнд сурталтай байдаг, шүүгч нарын харилцааны чадвар муу байдаг учир няцдаг, захиргааны хэргийн шүүхэд хандаад ч нэмэргүй эрх мэдэлтэн, албан тушаалтны талд хэт нэг талыг барьсан шийдвэр гардаг, өмгөөлөгчийн туслалцаа авах боломж муу байдаг зэргээр тайлбарласан байсан бөгөөд тэдний 81 хувь нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бодит амьдрал дээр хангалтгүй хэрэгжиж байна гэж үзсэн байна. Иймээс Баянзүрх дүүргийн Ардчилсан нам уг асуудалд анхаарлаа хандуулж, захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллахаар болжээ.  Иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар болон захиргааны хэргийн шүүхийн талаар нэгдсэн ойлголт өгөх, үнэгүй зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Хуулийн хэлтэс нь дээрх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд иргэдийг хүлээж авах ажээ. Ингэхдээ дан ганц Баянзүрх дүүргийн иргэд гэлтгүй Нийслэлийн бусад дүүргийн иргэдэд мөн адил үйлчлэх гэнэ.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

A million thakns for posting this information.
2012-01-01
Энэ мэдээлэлд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх албан ёсоор, судалгаатай няцаалт өгөх ёстой юм байна да
2011-11-23