“Ус-15” орчмын газар чөлөөлөлт 58 хувьтай байна

Нийслэлийн зам тээвэр дэд бүтэц хариуцсан газрын хагас жилийн ажил 69,8 хувийн биелэлттэй. Үүний хүрээнд зам засварын дөрвөн ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд есөн зам, нэг гүүрийн ажил одоо үргэлжилж байна. Мөн 22 зам, нэг гүүрийн ажил гэрээ байгуулах болон тендерийн үнэлгээний шатандаа явж байгаа аж.
Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран “Гудамж” төслийг хэрэгжүүлж Саппоро, Өргөө кино театрын уулзварыг шинэчилсэн нь нийслэлийн тохижилтод болоод ард иргэдэд хэрэгтэй ажил болсон. Удахгүй “Азийн хөгжлийн банк”-тай хамтран “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ хөгжиж цахим карт, дотоод тоноглол, удирдлагын системтэй болох юм. Дэд бүтцийн хувьд “Ус-15”-ын орчмын 24 айлд 3,8 тэрбум төгрөгийг олгож газар чөлөөлөлт хийсэн. Газар чөлөөлөлт 58 хувьтай байна. Яндангийн ажлыг нь 12 сард дуусгах ёстой ч одоогоор барилгын ажил эхлээгүй байгаа юм байна.
.
Нийслэлийн 20 хувь нь ногоон байгууламжтай болно
.
Харин нийслэлийн экологи ногоон хөгжил хариуцсан газрынхан хотынхоо нийт 20 хувийг ногоон байгууламжтай болгох зорилттой ажиллаж байна. Түүнээс 6,5 га газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөж зургийн болон гүйцэтгэлийн тендер зарлагджээ. Мөн дүүрэг бүрт нэгээс доошгүй газрыг орон сууцны болон гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбай болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Гэр хорооллын иргэдийн өнгөрсөн жил ашиглаж байсан яндангийн утаа шүүлтүүрийг хэрэглэх шаардлагагүйг судалгааны үндэслэн гаргажээ. Налайх. Багахангай, Жаргалант, Сонгино гэх тосгонд ЖДҮ-ийн төвийг байгуулахаар төлөвлөж зургийн ажлаа хийж байгаа аж. Мөн Налайх дүүрэгт 120 га газарт барилгын материалын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа талаараа ярилаа.
.
Өвлийн бэлтгэлээ хангаж эхэлжээ
.
Өвлийн бэлтгэлтэй холбоотой ажлууд хэдийнэ эхэлжээ. Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил удаашралтай байгаа. Учир нь манай улсын мэргэжилтнүүд тунгаагуур, био цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэх туршлагагүйгээс болж байгаа юм. Тус албаныхан бохир усны тоолуур суурилуулах, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх, Сэлбэ голын далан барих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
Харин нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын зарим ажил тендерийн бичиг баримт боловсруулах шатандаа явж байна. Тухайлбал, Туул голын сав газрыг ашиглан усан парк, амьтны хүрээндэн байгуулах, алслагдсан дүүргүүдийг ЖДҮ-ийн парктай болгох, дүүрэг бүрт асран хөгжүүлэх төв барих зэрэг ажлууд байгаа юм.
Эдгээр үйл ажиллагааны тайланг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнөөдрийг танилцуулсан хагас жилийн төлөвлөгөөг эхний улирлынхтай харьцуулахад бүтээн байгуулалтаас бусад буюу захиргааны ажил суларсан хандлага ажиглагдлаа. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл ажлын биелэлт 60 гаруй хувьтай байгаа нь сайшаалтай юм. Хамгийн гол нь нийслэлийн дүүргүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөө гараагүйд нь санаа зовоосон асуудал болж байна. Одоо удирдлагууд хуралдаж үлдсэн дөрвөн сарын хугацаанд хийж амжих, амжихгүй зүйлээ тодорхойлон эрчимтэй ажиллаж хэрэгтэй байна” гэлээ.
.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ