Иргэд “Далан давхар”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэнгүй

Хэлэлцүүлэгт нийслэлийн эдийн засаг хөгжлийн, ерөнхий төлөвлөгөө, эрүүл мэнд, байгаль орчин ногоон хөгжил зэрэг газруудын мэргэжилтнүүд болон “Улаанбаатар буян” ХХК, Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл оролцсон юм.
.
Ингэхдээ нийслэлийн эрүүл мэнд, байгаль орчин ногоон хөгжил, ерөнхий төлөвлөгөөний газрууд дэмжиж оролцсон. Хэрэв төсөл хэрэгжиж эхэлбэл Гандантэгчинлэн хийд хөндлөнгийн байр сууринаас оролцох бөгөөд “Улаанбаатар буян” ХХК хамтарч ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
.
Энэ үеэр 30 гаруй иргэн ирж, өөрсдийн байр сууриа илэрхийлж, холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авсан. Энд хүрэлцэн ирсэн иргэдийн ихэнх нь “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-тэй болгох төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Иргэдэд дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа аж. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг чөлөөлөхийн тулд өөрийн ойр дотны хүмүүсийн шарилыг хөдөлгөн, өөр газарт аваачиж чандарлуулах үйл явцыг ёс зүйд нийцэхгүй асуудал гэж байна. Зарим хэсэг нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах нэрээр газрыг чөлөөлүүлээд өөр зүйлд ашиглана гэж хардаж байхад нөгөө хэсэгт нь талийгаачийн шарилыг зөөж чандарлуулахад орох 680-780 мянган төгрөг иргэдэд хүнд тусаж байна гэдгийг хэлж байлаа.
.
Тэд газрыг бүрэн чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулснаас одоогийн эмх замбараагүй байдлыг нь мод тарих гэх мэтээр засч янзлан, байнгын ажиллагаа, харуул хамгаалалттай дурсгал хүндэтгэлийн газар болгох нь аль аль талдаа хохиролгүй гэсэн байр суурьтай байв.
Далан давхарыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгох асуудал нь 2020 он хүртэлх нийслэлийн хөгжлийн хөтөлбөрт орсон бөгөөд нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар санаачилжээ. Тус газрынхан Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгосноор хотын өнгө үзэмж мэдэгдэхүйц нэмэгдэн, оршин суугчдын сэтгэл зүйд таатай нөлөөлж, эмх замбараагүй өргөжин тэлж байгаа оршуулгын газрыг хязгаарлаж чадна хэмээн үзэж байгаа аж.
.
Мөн иргэдийн асуултад “Далан давхарын газар бол төрийн өмч. Тиймээс тэнд суурьшлын болон зориулалтын газар болгохгүй гэдгийг баталж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр асуудал эцэслэн шийдвэрлэгдэхгүй, үе шаттайгаар цааш үргэлжилнэ” гэх хариулт өглөө.
.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ