
Монголын Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ сарын 7-ны байдлаар Нийслэлийн хүнсний захууд дээр махны үнэ хямдарчээ. Долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Хархорин” худалдааны төвд үхрийн ястай мах 100-1000 төгрөгөөр хямдарсан байна. Жишээ нь бусад захуудыг бодвол махны үнэ харьцангуй хямд байдаг “Хүчит шонхор” дээр үхрийн ястай мах өмнөхөөсөө 1000 төгрөгөөр хямдарч, 8500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин үхрийн цул махны тухайд энэ долоо хоногт зөвхөн “Хар хорин” зах дээр л үнэ нь 500 төгрөгөөр хямдарч, нэг кг нь 9000 төгрөгөөр зарагдаж байна. Хонины ястай мах мөн л “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Хархорин” худалдааны төвүүд дээр үнэ нь дунджаар 0.3 хувиар хямдарч, 6500-8000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Хонины цул мах “Хүчит шонхор” худалдааны төвд кг нь 7500 төгрөг байгаа бол “Хар хорин зах”-д 7800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Ямааны ястай мах “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Хархорин” худалдааны төвүүдэд кг нь 5800-6000 төгрөгийн үнэтэй байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ