Нүүрсний нөөц бүрдүүлэхэд 4.5 хүртэлх хувийн хүүтэй зээл олгоно
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулан дэд хөтөлбөрийн хүү батлах тушаал гаргажээ. “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас арилжааны банкуудад дамжуулан зээлдүүлж жилийн хүүг 0.5 хувиар тогтоосон байна. Харин эцсийн зээлдэгч буюу нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад очих жилийн зээлийн хүү 4.5 хүртэлх хувьтай байхаар болжээ.
.
Уг тушаалыг банкуудтай байгуулах дамжуулан зээлдүүлэх гэрээндээ мөрдөхийг Монголбанкны Мөнгөний бодлого, судлагааны газрын дарга Д.Болдбаатар, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын дарга М.Амгалан нарт үүрэг болгосон байна. Харин дэд хөтөлбөрийн хүү батлах тухай тушаалд хяналт тавихыг Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын дарга Х.Дэлгэрт Монголбанкны ерөнхийлөгч үүрэг болгожээ.
.
Дээрх тушаалыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2012 оны А-168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкнаас дэд хөтөлбөрүүдийн хүрээнд банканд нээх зээлийн шугамын хүү, банкуудын дамжуулан зээлдүүлэх хүүгийн маржины дээд хязгаарыг тогтоох аргачлал”-ыг үндэслэсэн аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ