
Тархины хорт хавдартай Б.Танан охинд туслах аянд олон хүн нэгдэж, санхүүгийн болон сэтгэлзүйн туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Б.Танан охин эс шилжүүлэх эхний эмчилгээндээ орж, тэр нь амжилттай болсон байна. Харин эс шилжүүлэх дараагийн эмчилгээ ирэх 10 дугаар сард болох аж.
Хүнд өвчинтэй тэмцэлдэж байгаа энэ бяцхан охин өнгөрсөн оны 12 дугаар сард тархины хагалгаанд амжилттай орсон бөгөөд хавдар нь хагалгаа, хими, туяа, эс шилжүүлэн суулгах эмчилгээ гээд урт хугацаанд эдгэдэг өвчин.
Эс шилжүүлэн суулгах (transplant bonemarrow) эмчилгээг хоёр удаа хийх бөгөөд энэ эмчилгээ нь өндөр дозын химийн эмчилгээ (high dose cheotherapy), stem cells transplantation (эс шилжүүлэх) гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Энэхүү эмчилгээний зардалд нийт 195 сая төгрөг шаардлагатай байсан юм. Хэдийгээр энэ хэмжээний мөнгө охины ээж, аавд байхгүй байсан ч сайн санаат монголчууд маань түүнд тусламжийн гараа сунгасаар байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр,Х.Цагаанбаатар нар өөрсдийн кимионоогоо дуудлага худалдаагаар зарж нийт 8.7 сая төгрөгийг түүний эмчилгээний зардалд нэмэрлэсэн. Мөн ШШГЕГ-ын харьяа 409-р хорих ангийн хүмүүжигчид, жиргээчид гээд олон хүн түүний эмчилгээний зардалд зориулан аянг өрнүүлж байсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ