
Энэ сарын 16-24-нд болох “Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдийг үдэн гаргах ёслол өнөөдөр “Олимпик хаус-д болов. Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Спортын бэлтгэлийн төвийн дэд захирал Ц.Одонбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тус наадамд манай баг тамирчид хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур сэлэм, гандбол, жүдо, буудлага, ширээний теннис, талбайн теннис, хүндийг өргөлт, усан спорт гэсэн 10 төрөлд 76 тамирчинаа илгээж байна. Багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МХАХ-ны ЕНБД Ч.Зоригтбаатар явах бол багийн тугчаар ширээний теннисний улсын хошой аварга М.Дэлгэрмаа сонгогдсон байна. Хүүхдийн спортын II наадамд Азийн олимпийн зөвлөлийн 45 орны хүүхдүүд 16 спортын төрлөөр 118 багц медалийн төлөө хүч сорино.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Энэхүү наадам нь Азийн хүүхдүүдийг зөвхөн спортоор өрсөлдүүлэх биш ирээдүйн олон од тамирчинтай уулзуулах чухал арга хэмжээ юм. Тиймээс та бүхэн талбай дээр болон талбайн гадна идэвхтэй байж, олон найз нөхөдтэй болж, ирээдүйн шилдэг тамирчин болох итгэлийг олж авах нь чухал” гэлээ.
Д.Одончимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ