
АНУ дэлхийн хамгийн баян хүчирхэг улс гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй. Их гүрнийг тэргүүлдэг “дарга-улс”. Гэтэл ердөө л Тагнуулын газар нь ажиллаж байсан нэг “жаал хүү” хамаг нууцыг нь авч гарчихаад хэнтэй наймаалцах уу гээд сууж байна. Энэ хэргийг “Wall Street Journal” Вашингтоны сүүлийн 60 жилд гарсан хамгийн том ялагдал гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл Сталины ширээн дээр цөмийн бөмбөг хийх үйлдвэрлэлийн нууц баримт очсоноос хойш. Эдвард Сноуден компьютертэйгээ “бултсанаас” хойш Цагаан ордноос “Бид үнэхээр гайхаж байна” гэхээс өөр үг сонсогдохоо болиод байна.
Харин В.Путины гарт Америкийн хамгийн нууц. бүх баримт байна. Оросын ерөнхийлөгч зургаан долоо хоног муур-хулгана болж тоглосны эцэст Сноуденд нэг жилийн орогнол олголоо.
Үүний хариуд Цагаан ордон Москвад болох байсан хоёр орны ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын тов хойшилж байгааг мэдэгдээд байна. Энэ бол 21 дүгээр зууны “Хүйтэн дайн”-ы эхлэл гэж улстөрийн ажиглагчид дүгнэжээ. Цагаан ордны мэдэгдлийн дараа Сочигийн өвлийн олимпийн бойкотлохыг уриалагч нэг бус гарч ирж байгаа нь 1980 оны Москвагийн олимпийг санагдуулж байгаа нь нууц биш юм. Мэдээж шалтгаан нь Сноуденийг Америкт “тушаагаагүй” гэж хэлэхгүй. Ердөө л ямар нэг ижил хүйстэн тамирчин, хүний эрх гэх мэт тайлбар хөвөрнө.
Америкчууд тагнуулч Сноуденээс болж удаа дараа ноцтой алдаанууд хийлээ. Оросын ерөнхийлөгчийн шазруун, зоримог алхмыг мэддэггүй шиг элдэв ноцтой мэдэгдэл ар араас нь хийж байв. В.Путин шиг хүн буланд шахагдахгүй. Түүнд дарамт шахалт үзүүлнэ гэдэг үнэндээ байж боломгүй. Тэгээд ч өнөөдөр түүний гарт хөзрийн ноён байна.
Үүний зэрэгцээ Эдвард Сноуден эх орноосоо урвасан уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Эх орноосоо урвагчид өршөөл байдаггүй.
НҮБ-д улсаа төлөөлөн сууж байсан АНУ-ын дипломатч Жон Болтон “Би түүнийг урвагч гэж бодож байна. Маш чухал баримтыг Хятадад мэдээлсэн бас Оросод. Одоо Хятад, Орос манай улсын талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Энэ бол тагнуулаас долоон дор хэрэг. Мэдээлэл задарвал дэлхийн 190 гаруй улс Америкийн тагнуулын талаар мэднэ гэсэн үг” хэмээжээ.
Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн, Вашингтоны их сургуульд эрх зүйн хичээл заадаг Стивен Владек “Хэзээ нэг цагт надаас асууна. Сноуден урвагч уу, үгүй юу гэж. Би түүнийг урвагч бас үгүй гэнэ. Энэ бол хэвийн үзэгдэл. Энд хуулийн дагуу хийх, шударга байх гэдэг нь адил зүйл” гэжээ.
Харин америкчуудын 55 хувь нь Сноуденыг урвагч биш гэж үзэж байна. Хэрвээ Оросын аль нэг тагнуулч ийм хэрэг үйлдсэн бол оросууд шууд л эх орноосоо урвагч л гэж шууд хэлнэ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ