“Ноёд”-ын ноён тусгай наадам зохион байгууллаа
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Ноёд” групп, “Таван хан” дэвжээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх Улсын хүчит арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж Улсын аварга болсон билээ. Ингэснээр Сэлэнгэ аймаг Ардын хувьсгалын жилүүдэд анхны аваргаа өлгийдөн авч байгаа юм.
Тиймээс сэлэнгэчүүд аваргадаа хүндэтгэл үзүүлж энэ сарын эхээр Сүхбаатар хотод “Сэлэнгэ түмний талархлын баяр наадам” зохион байгуулагдсан бөгөөд наадамд 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харвааг зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс Г.Эрхэмбаяр аваргад 00 21 дугаартай “Бенз G500″ маркийн автомашин, гурван өрөө байр, нэг суурь хонь бэлэглэсэн билээ.
Тэгвэл “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж аваргадаа зориулж тусгайлан наадам хийлээ. Энэхүү наадмыг энэ сарын 9-нд буюу өнгөрсөн баасан гаригт Г.Эрхэмбаярын төрсөн нутаг Мандал суманд зохион байгуулжээ.
Уг наадамд аймаг, цэргийн 64 бөх барилдаж, гурван насны морьд уралдсан байна. Уг наадмын тухай Мандал сумын иргэд “Аваргад зориулсан наадам аймгийн наадмаас дутахгүй сайхан наадам боллоо. Манай аварга ч араггүй өнгөтэй, бяртай байна ” хэмээн ярих ажээ.
Ямартаа ч, “Ноёд”-ын ноён Г.Буяндорж өөрийн группын нэрийг гаргаж яваа “отгон” аваргадаа тусгайлан наадам зохион байгуулж бэл бэнчингээ харуулж амжлаа
Б.Одон
Гэрэл зургийн Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ