Мянган оюутны байр энэ сард ашиглалтад орж амжихгүй
90 мянгын 13 мянга нь оюутны байранд орж чаддаг
Хичээлийн шинэ жил дөхөж буй энэ өдрүүдэд орон нутгаас ирсэн оюутнуудын хамгийн том асуудал нь дотуур байранд орох байдаг. Хэрэв дотуур байранд хамрагдаж чадахгүй бол хамаатныдаа толгой хоргодох, эсвэл өндөр үнэтэй хажуу өрөө, нийтийн байр түрээслэх сонголттой тулгардаг.
Нийслэлийн хэмжээнд тус бүр нь 300 орчим оюутан хүлээж авах чадалтай 43 байр бий. Эдгээр байрны төлбөр өнгөрсөн жилийнхээс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Монголын оюутны холбооныхны мэдээлснээр жил бүрийн хичээлийн шинэ жилд орон нутгаас 90 мянга орчим оюутан ирдэг аж. Гэтэл дээрх дотуур байрнуудад эдгээр оюутнуудын 13 мянга гаруй нь орох бололцоотой юм байна. Үлдсэн оюутнууд дотуур байранд орж чадалгүй хохирдог. Үүнийг дагаад дотуур байрны талаар олон асуудал гарч ирдэг.
6
Хөдөөнөөс нийслэлд ирсэн оюутнуудын дотуур байрны асуудлыг шийдвэрлэх үүднээс 2011 оноос дэлхийн стандартад нийцсэн мянган оюутны дотуур байр барьж эхэлсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой уг байр одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллээр мянган оюутны дотуур байрыг энэ сарын 20-нд ашиглалтад орно гэх шуум дэгдэж байна. Иймд манай сурвалжлах баг мянган оюутны байр энэ жилийн хичээлийн шинэ жилээр ашиглалтад орох эсэх болоод дотуур байрны урсгал засвар хэрхэн хийгдэж байгаа талаар сурвалжилахаар Санхүү эдийн дээд сургуулийн замын урд талын 500, МУБИС-ийн хоёрдугаар дотуур байр болон Анагаах ухааны сургуулийн нэгдүгээр байрны дунд байрлах 500 оюутны байрыг зорьлоо.
6
-Оюутнууд өөрсдөө барилгын цэвэрлэгээгээ хийнэ-
6
Бидний эхний орсон газар "Хөхий хаан" компанийн барьж байгаа 500 оюутны байр. Тус компанийн ажилчид дотор заслын ажлыг хийж байлаа. Байрны коридор болоод өрөөнүүдийн хана тааз зэргийг засч байгаа харагдлаа. Тус компанийн ажилчдын хэлж буйгаар барилгын ажил 90 гаруй хувьтай явж байгаа гэнэ. Гэвч сантехникийн ажил огт хийгдэж эхлээгүй байна. Мөн засал чимэглэлийн ажлыг хийгээгүй байгаа ажээ. Эдгээр байдлаас харахад "Хөхий хаан" компанийн барьж байгаа 500 оюутны байр энэ сард багтан ашиглалтад орохгүй нь тодорхой байв. Компанийн ажилчид "Өдөр шөнөгүй ажлаа шахан ажиллаж байгаа ч энэ сард ашиглалтад орж амжихгүй. Харин ирэх аравдугаар сарын сүүлээр л ашиглалтад бүрэн орох байх. Улсын комисс хүлээж авсны дараа оюутнуудын ор, галт тогооны хэрэглэл гээд олон зүйл хийх байх. Та нар хойд талын байр луу яваад үз. Тэднийх дуусахад бараг дөхөж байгаа" гэв.
6
"Хөвсгөл геологи" компанийн барьж буй 500 оюутны дотуур байранд очиход дотоод засал, цахилгааны монтаж хийгджээ. Гэвч халаалт болон цэвэр, бохирын шугам тавих ажил огт хийгдээгүй байна.
Барилгын гүйцэтгэгч компанийн ажилчдаас хэзээ ашиглалтад орох боломжтойг лавлахад “Энд сар гаруйн ажил үлдээд байгаа. Улсаас төсөвлөсөн мөнгө орж ирээгүй. Тиймээс энэ сарын 20-нд ашиглалтад орж амжихгүй. Барилгын цэвэрлэгээг энд суух оюутнууд өөрсдөө ирж цэвэрлэх байх” гэсэн юм.
6
Эх сурвалжын мэдээлж буйгаар мянган оюутны байр ашиглалтад орохгүй өдий хүрсэн шалтгаан нь хөрөнгө санхүүгийн асуудал гэнэ. 5,9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үнийн зөрүүнээс болж тэрбум төгрөг нэмж олгох шаардлагатай болсон юм байна. Үүнийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны төсөвт суулгажээ. Гэтэл Сангийн яам болон Боловсрол шинжлэх ухааны яам хоёрын дунд үл ойлголцох байдал үүсч явсаар өнгөрсөн сард л тэрбум төгрөг нь барилгын ажил гүйцэтгэж буй хоёр компанийн дансанд орсон гэнэ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ













СЭТГЭГДЭЛ БИЧИХ