Б.Гончигдамба азарга адуу, суурь хоньтой болжээ
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадамд урамтай сайхан барилдаж найм даван үзүүрлэсэн Монгол Улсын Гарьд Б.Гончигдамбын цолны найр энэ сарын 10-нд буюу өнгөрөгч бямба гаригт боллоо.
Тодруулбал, шинэ гарьд маань төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ижий, аавынхаа дэргэд буюу Завхан аймгийн Их-Уул сумандаа цолны мялаалгаа хийж, бөх барилдуулж, хурдан морь уралдуулжээ. Түүний мялаалгын наадамд 64 бөх уран мэхээ уралдуулснаас аймгийн арслан н.Лха-Очир түрүүлсэн байна.
Мялаалгын наадмын үеэр Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд-200 маркийн автомашин, азарга адуу, суурь хонь, гурван өрөө байр, чонын алтан шагай зэргийг Монгол Улсын Гарьд Б.Гончигдамбад гардуулжээ.
Ямартаа ч, сүүлийн гурван жил цолоо ахиулж, амжилттай сайн барилдаж яваа Монгол Улсын Гарьд Б.Гончигдамбыг Завхан аймгийнхан Сэлэнгийнхэнээс дутахгүй гэдгээ харуулж амжлаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ