Сургууль, цэцэрлэгүүдийн засвар энэ сарын 25- нд бүрэн дуусна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явцыг хэлэлцсэн.Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын засвар хийгдэж байгаа бол, төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийгдэж байгаа юм. Өнгөрсөн сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засварын ажил энэ сарын 5-аас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн засварын ажил төлөвлөсөн хугацаанаас хойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил 45 хувьтай, урсгал засварын ажил 75 хувьтай байна. Нийслэлийн Боловсролын газарт нийт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил хийх санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийг баталжээ. Иймд батлагдсан хөрөнгийн дагуу барилгын засварын ажлыг эхлүүлсэн байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Харин эмнэлгүүдийн засварын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга М.Мөнхдэлгэр танилцууллаа. Энэ жил Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн барилгуудад их засварын ажил эхэлсэн байна. Мөн Клиникийн 1-р амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэлтийн зураг төсөв батлагдсан ч хоёр удаагийн тендерээр гүйцэтгэгч шалгараагүй байна. Тиймээс шууд гэрээ байгуулан өнгөрсөн сарын 19-нөөс засварын ажлыг эхлүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ