Ж.Мөнхбат аварга шавь нартаа хүндэтгэл үзүүллээ
Үндэсний бөхийн отгон аварга Г.Эрхэмбаяр болон аймгуудын баяр наадамд амжилттай барилдаж цол нэмсэн шавь нартаа “Их шавь” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр нь тус сургуулийн 1998 оны төгсөгч юм. Түүнд багш нь алд цагаан хадаг, мөнгөн аягатай айраг, өөрийн 1974 онд улсын баяр наадамд түрүүлэхдээ авахуулсан зургийн хамт бэлэглэж, алдар цолоо сайхан хадгалж явахын ерөөл өргөсөн юм.
Мөн тус сургуулиас төрөн гарч буй залуу цолтнууддаа удирдлагын зүгээс хүндэтгэл болгож цэнхэр хадаг, аваргын зураг, дурсгалын зүйлийг гардуулж, амжилт хүссэн.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд шинэ цолтнууд бэлтгэлийн зааландаа орж, дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн Энэ үеэр аварга Г.Эрхэмбаяр “Би энэ дэвжээн дээр 2000 оноос хойш Монгол улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийлээ. Миний амьдралын 13 жилийн хөлс, хөдөлмөр шингэсэн дэвжээндээ хүндэтгэл үзүүлэхэд сайхан байна. Намайг бөхийн спорт, энэ сургуультай холбож өгсөн бүх хүнд баярлалаа” гэсэн юм
“Их шавь” дээд сургуулийн төгсөгчид болон оюутнууд энэ жил улсын баяр наадмын түрүүг аваад зогсохгүй гурван аймгийн наадамд түрүүлж, 10 гаруй аймгийн цолтон шинээр төржээ.
Б.Будхүү
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ