Хэн ч буруугүй хүүхэд өөрөө ойчсон
Өнгөрөгч 12-ний өглөө ГССҮТ-д 12-хон настай М гэх хүү амьсгал хураажээ.
Энэ алтан амь 3000 морины уралдаантай хамаатай, хамаагүй гэж өчигдөр өдөржин хэвлэлийнхнийг талцуулав.
Орой нь МҮТВ-ийн мэдээллийн хөтөлбөр энэ талаарх тайлбар мэдээгээр эхэлж байхыг харав.
.
Гол санаа нь саяхан болж өнгөрсөн 3000 морины уралдааны үеэр хүүхдийн амь нас эндсэн эсэх тухай. Энэ талаар тодруулахад нас барсан хүүхэд уралдааны замд эндээгүй харин уралдаан үзэж явсан хүүхэд байсан байна гэсэн залруулсан утгатай байв.
.
Маш товчхондоо хүүхэд нас барсан. Гэхдээ манай Гиннест бүртгүүлсэн амжилтыг бүдгэрүүлэх хэрэггүй, манай уралдааныг үзэж яваад өнөө киноны Баяраа шиг өөрөө унаад, ер нь бол уралдаан зохион байгуулагчид энд хамаагүй шүү, буруугүй гэсэн мэдээ.
.
Эх сурвалжид ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжавын ярьснаар бол Дорноговь аймгийн харъяат М гэдэг хүүхэд саяхан Хүй долоон худагт болсон наадмыг үзэж яваад мориноос унасан. Тэрээр энэ сарын 10-ны өдрийн оройн 18.00 цагийн орчимд тархины хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт ирж хэвтсэн. Ингээд 12-ны өглөө 9.20 цагт нас барсан. Анх ирэхдээ л ухаангүй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн гэжээ.
.
Ямартай ч мориноос унасан гэх нэг хүүхэд ухаангүй байдлаар гэмтлийн эмнэлэгт ирээд хорвоог орхиж. Харамсалтай.
Үнэндээ муу ёрлоогүй ч арга хэмжээ зохиогдох сургаар энэ их морьдын хөлд хэдэн хүүхэд чирэгдэж эндэх бол доо гэсэн айдас зүрхээ зүсүүлсэн хүмүүсийн дотор байсан уу гэвэл байсан.
.
Аз түшиж зохион байгуулагчдын хэлснээр 6 хүүхэд зүгээр л мориноос унаад өнгөрлөө. Харин энэ удаа түрүүчийн харамсалтай хэрэг явдлаас сургамж авч Хүний эрхийн комиссынхон “гардан ажиллаж” ядаж л каск малгайг нь өмсгөж мордуулсны хэрэг, нэмэр тусч их байсан биз.
.
Аливаа нэг уралдаан тэмцээн нэгдсэн арга хэмжээний ард хэл ам гарахад тэрийг нь дарах гэж захиалгат төлбөрт мэдээнд цацдаг мөнгө нь шавхагдашгүй харагдах юм. Уг нь эхнээс нь л нягт нямбай, зохион байгуулалттай хийхэд гар таталгүй мөнгө гаргадаг байвал сайхан.
_
Саяны 3000 морины уралдаан үнэхээр ар талгүй, зохион байгуулагч журам сахиулагчдын баг байхгүй, өөрсдөө мэдтүгэй гээд хаясан арга хэмжээ болох шиг боллоо. Төлөвлөсөн тооноосоо илүү морь уралдаж Гиннест монголоо тамгаллаа, зорилгоо биелүүллээ.
.
Харин хөндий дүүрэн хүн, морьд өөр өөрсдийн бор зүрхээрээ учраа олж бие биенээ дайрч гишгэх шахам байх нь индэр дээр байгаа дарга нарт бол хамаа ч үгүй л юм шиг байлаа. Үүрд түмний төлөө үүрэг хүлээсэн өнөөх цагдаа, яаралтай тусламжийнхан л хөөрхий хэдэн мянган хүнтэй тулж ажилласан юм бэ дээ бүү мэд. Цугласан морь нь лав 10000 хол гарсан гэсэн. Хүний тоо нь одоогоороо тодорхой тоонд хэлэгдээгүй л байна. Гиннесийн амжилтыг бүртгэх шүүгчдийн лого эмблемтэй машиныг эс тооцвол энэ нүсэр арга хэмжээг зохион байгуулж байгаа ялгарах тэмдэгтэй чиг туг барьсан хүн харагдаагүй.
.
Цаашдаа ийм арга хэмжээ нүсэр том гэдгээрээ бус ариун гэгээн зорилготойгоороо бус зохион байгуулалттай, эмх цэгцтэй хүний амь нас, аюулгүй байдлын баталгааг туйлын сайн хангасан гэдгээрээ үнэлэгдэж, сайшаал зэмлэлээ сонсч, алдаа гэмдээ хариуцлага хүлээдэг болох ёстой. Жоохон асуудал, замбараагүй байдал байсан гэхдээ сайхан болсон гэх Монгол ахуй дүгнэлтээр ажил хийдгээ болих болсныг энэ зуны олон наадам нүсэр арга хэмжээнүүд харууллаа.
3000 морины уралдаан, 10.000 морьтны жагсаал гээд монголын их өв соёлыг дэлхий нийтэд сурталчлах томоохон энэ ёслолд уралдсан морь нь төлөвснөөсөө давж бүр 10000 давж гарсан гэдгийг бүх хэвлэлд тавьсан. Харин энэ их морь, машиныг хөлөглөсөн түүнд дайгдсан олон хүний хөдлөх суухыг хэдэн хүн хариуцаж оролцож зохион байгуулсан юм бол доо.
.
Бодоход ийм нүсэр арга хэмжээнд чинь дор хаяж л 300 залуусыг хөлс мөнгөө тохирон зохион байгуулагчдын баг болгож, заавар зөвлөгөө удирдамж өгч, ялгарах тэмдэг зүүлгэж өгөөд л эгнээ болгон зогсоогоод, хооронд нь богино долгионы холбоогоор үүрэг чиг өгч удирдлагаар хангаад л бөөн юм болж байж л сая нэг хүний амь эрсдэлгүй, эмх замбараагүй байдал гаралгүй арга хэмжээ босч ирдэг юм байгаа биз дээ.
.
Юм хийж санаачилж яваа улсаа дэмжих ёстой. Шүүмжлэх амархан гэдэг.
Гэхдээ л энэ арга хэмжээнээс дараагийн Гиннесийн хуудсанд санаархаж, ялгарах хүслээ дарж ядан сэдвээ хайж яваа хүмүүст санах сэрэх юм их байна шүү.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ