Америк цэргүүд амиа хорлох нь ихэсчээ
АНУ-ын зэвсэгт хүчинд амиа хорлох явдал өмнөх оноос 15 хувиар өсчээ. Пентагоны удирдлагууд цэргийнхний амиа хорлох явдлыг багасгах тал дээр янз бүрийн арга хэмжээ авсан ч цэргүүд байлдааны ажиллагаанд оролцсонтой бараг адил тоогоор амиа хорлож байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Орчин үеийн дайн нь цахим техник хэрэгслийн тусаламжтайгаар явагддаг дайн болж, байлдааны ажиллагаaнд нисгэгчгүй онгоц, робот техникүүдийг өргөн ашиглах замаар цэрэг техникийн хохирлыг үлэмж багасгасан гэх боловч цэргийнхний амиа хорлолт багасахгүй байгаа аж.
АНУ-ын Батлах хамгаалахын цахим хуудсанд нийтлэснээр бол 2012 онд байлдааны ажиллагааны явцад 177 цэрэг амь үрэгдсэн бол тулаанаас гадуур 126 цэргийн албан хаагч амиа хорлосон гэж бичжээ. 2011 оны сүүлчийн мэдээгээр тулалдаанд 165, тулалдаанаас гадуур 118 албан хаагч амиа хорложээ.
Асошеитэд пресс агентлаг 2012 онд амиа хорлосон цэргийн тоо мөн онд Афганистанд байлдааны ажиллагаанд оролцож яваад амиа алдсан цэргүүдээс давсан хэмээн мэдээлсэн байна.
Амиа хорлох явдал америкт 100 мянган хүн тутамд 25 байгаа бол цэргийн албан хаагчдын хувьд энэ харьцуулалт 24-т хүрч байгаа аж. Амиа хорлож байгаа цэргүүдийн ихэнх нь дунд сургуулийн буюу коллежоос доогуур боловсролтой байсан гэнэ. Тэд өөрсдийн эзэмшиж буй галт зэвсгээ ашиглан амиа хорлодог болох нь тогтоогджээ.
Юта хот дахь Нийгмийн сэтгэл судлалын ухааны коллежийн тэнхимийн эрхлэгч Девид Рудд "Цэргийнхний амиа хорлох явдал цаашид улам л ихсэх хандлагатай байна" гэж АП агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрбээр “Ирак болон Афганистанд алба хааж байгаа цэргүүдийн амиа хорлож байгаа шалтгаан нь депресс, архи уух, цэргийнхэнд зориулсан эм бэлдмэлийг ихээр хэрэглэх, ар гэрийн харилцаа, санхүүгийнх нь байдал, хуулийн хэрэгжилт муугаас болж байна” хэмээн дүгнэсэн байна.
Цэргээс халагдаж ирсэн дайчдын амиа хорлолт яг алба хааж байгаагаасаа бас давдаг аж. Халагдсан дайчдад туслах байгууллагын гаргасан мэдээгээр өнгөрсөн онд 80 минут тутамд 18 халагдсан дайчин амиа хорлож байгаа гэнэ.
Батлан хамгаалахын сайд Лион Паннетта өнгөрсөн онд Пентагон болон Халагдсан дайчдад туслах байгууллагын хамтарсан хуралдаан дээр "Хичнээн хичээл зүтгэл гаргаад ч, анхаарал халамж тавиад ч энэхүү амиа хорлох явдал эмгэнэлтэйгээр ихэсч байгаад санаа зовж байна" хэмээн хэлсэн байна.
З.Эрдэнэбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ