Ослын шалтгааныг хариуцлагагүй компани, хэнэггүй жолооч гэв
Өнөө өглөө 07.10 цагийн орчим , “Sky resort” цанын баазын хойно байрлах Төмөр замын 416 гарам дээр камаз маркийн машин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр уг гармын хажууханд хурдны зам барьж буй “Эсто” ХХК-ийн ажилтны хариуцлагагүй үйлдлээс үүдэн осол гарсан аж. Учир нь тус гармыг 08.00 цагт нээх ёстой байсан ч “Эсто” ХХК-ийнхан гармыг эрт нээлгэснээс уг осол гарсан гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Мөн ослын газарт байх галт тэргийг замаас зайлуулахын тулд танк ашиглан чирэх гэж байхтай таарсан юм.
Энэ талаар Улаанбаатар төмөр замын тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас тодрууллаа.
.
-Галт тэрэг, машин хоёр мөргөлдсөн осол юунаас болов, хохирлын хэмжээ гарав уу?
-Хохирлын хэмжээг тооцоолох бололцоо алга байна. Бид эхний ээлжинд галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, сэргээн босголтын ажлыг хийхээр төмөр замчид маань ажиллаж байна. Осол гарсан шалтгаан нь энэ гарам дээр авто зам барьж байгаа “Эсто” компанийнхан манай Улаанбаатар төмөрзамтай хийсэн гэрээгээ мөрдөж ажиллаагүйгээс боллоо. Уг нь энэ гармаар 08.00 цагаас хойш автомашины хөдөлгөөнийг нээх ёстой. Мөн эхний авсан мэдээгээр энд ажиллаж байгаа гарамын жижүүр нь амралтгүй 72 цаг тасралтгүй ажилласан байна. Тэгээд тэр хүн маань Төмөрзамын дээд сургууль дээр шалгалтаа өгөөгүй хүн байж. Шалгалт өгсөн хоёр хүн нь амралтаа аваад явчихсан. Одоогоор ийм л шалтгаанууд яригдаж байна.
.
-Төмөрзам болон галт тэрэгний эвдрэл гэмтэл, гэмтэж бэртсэн хүн хэд байна?
-200 орчим метр төмөрзамыг сэргээн засварлана. Ямар ч байсан хоёр зүтгүүр ашиглалтаас гарч байна. 2011 онд 4.2 сая ам.доллараар худалдан авсан шинэ зүтгүүрүүд байсан. Эвдрээд байгаа ачааны вагонууд нь ОХУ-ын нэг компанийн урагшаа мод тээвэрлээд буцаж явсан хоосон галт тэрэг байсан. Галт тэрэгний машинист, туслах машинист, ачаа хамгаалагч, камаз машины жолооч гээд дөрвөн хүн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн. Хоёр хүнийх нь бие хүнд байгаа гэсэн мэдээлэл байна.
.
-Дараагийн галт тэргүүд саатаад байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулав?
-Сүйрэл болсонтой холбоотойгоор нилээн олон галт тэрэг саатаж байна. УБ-Сайншанд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн цуцлагдаж худалдсан тасалбаруудаа буцааж байна. Замын үүд–Эрээний чиглэлийн 275 дугаар галт тэрэг Хонхор өртөөнд зогсож байна. Хөдөлгөөн саатсанаас 2500 орчим зорчигчийг Авто тээврийн газартай яриад автбусаар авчрах ажлыг эхлүүлсэн. Мөн дараагийн 21 дүгээр галт тэрэг Баян зөрлөг дээр саатсан. Тэнд байгаа зорчигчдыг мөн автобусаар авчрах ажлыг зохион байгуулж байна.
Ямартай ч, хариуцлагагүй жолооочийн тэвчээргүй байдлаас үүдэн Улаанбаатар төмөр зам, зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд багагүй хохирол учираад байна. Хурдны замыг хийж гүйцэтгэж буй “Эсто” компанийн хувьд ч хохирол учирч байгаа нь мэдээж. Хамгийн гол нь манай жолооч нарын тэвчээргүй зан, хууль дүрэм, гэрээ хэлцлээ ягштал нь баримталж сураагүй хэнэггүй зангийн илрэл нь энэхүү осол гэж болно. Тиймээс хариуцлага гэдэг үгийг хэн бүхэн анхааралдаа авч, хэлсэн хийсэндээ эзэн болох цаг болсон гэдгийг дахин сануулмаар байна.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ