
Энгийнээр ойлгуулахад инфляци гэдэг нь үнийн өсөлт гэдгийг эдийн засагчид хэлдэг. Харин үнийн өсөлтийн төвшинг тогтоохын тулд хэрэглэгчдийн өргөн хэрэглээний барааны үнийн индекс буюу хэрэглээний үнийн индексээр тооцдог. Тэгвэл хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны 10 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.9 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 12.6 хувиар тус тус өсчээ. Улаанбаатар хотын сарын инфляци -0.4 хувь, улсын хэмжээнд сарын инфляци 0.8 хувьтай гарсан байна. Хэлбэлзэл ихтэй бараа, бүтээгдэхүүнийг сагснаас хасч “суурь инфляци”-ийг тооцоход суурь инфляци сарын 0.7 хувь, жилийн 10.3 хувьтай байна.
Аравдугаар сард махны үнэ 2.8 хувь, хүнсний ногооны үнэ 12.3 хувиар буурч, харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааны үнэ 2.4 хувиар нэмэгджээ.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлтийг бүлгээр нь авч үзвэл тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 22.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 16.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 13.6 хувь, хүнсний барааных 11.8 хувь, боловсролын үйлчилгээнийх 10.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр өсөлттэй бүлгүүд байж.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар өсөхөд 41.3 хувийг хүнсний барааны, 15.2 хувийг хувцас, бөс бараа, гутлын, 15.1 хувийг тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний, 12.8 хувийг орон сууц, ус цахилгаан, түлшний үнийн өсөлт тус тус бүрдүүлжээ.
Инфляцийн задаргааг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хүнсний барааны үнийн өсөлтийн нөлөө 12.9 нэгж хувиар буурч, харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааных 2.4 нэгж хувь, тээвэр бүлгийн бараа, үйлчилгээнийх 13.7 нэгж хувь, орон сууц, ус, цахилгаан, түлш бүлгийн бараа, үйлчилгээнийх 1.5 нэгж хувиар тус тус нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ