
Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвөөс энэ нутагт хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 860 хүүхэд бүртгэгджээ.
Хөвсгөлийн хүчтэнүүд дэвжээний бөхчүүд эдгээр хүүхдүүдийн сурч боловсорч амьдрахад нь урам зориг хайрлах зорилготой сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж Хүүхдийн төлөө За гэж хэллээ.
Мөн энэ дэвжээний бөхчүүд, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төв, Нийслэлийн хүүхдийн төлөө газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг байгуулахаар судалгааны ажлаа хийж эхэлсэн байна.
Энэ дэвжээнээс Хөвсгөл аймагт нэг жилд 5 барилдаан зохион байгуулдаг бол барилдааны үзүүр түрүүний бай шагналыг нийгмийн эмзэг давхаргын хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгдөг байна.
Мөн өмнөх барилдааны эхний 3 байрын бай шагнал болох 1200 кг гурилыг аймгийн 17 сумын 1200 хүнд бэлэг болгон өгчээ. Цаашид тэд нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа бол энэ буянтай үйлсэд бусад бөхчүүдийг нэгдэхийг уриаллаа.
Ирэх сарын эхээр Хөвсгөл аймагт барилдаан зохион байгуулах бол үүнээс олсон бүх л орлого, бай шагналаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, харах асрах хүнгүй ганц бие хүмүүс болон орлогогүй айл өрхөд хандивлах юм. Энэ дэвжээнийхэн хөвсгөл аймгийн “Алтан дуулга” компанитай хамтран сайн үйлсийн цуврал ажлуудаа зохион явуулсаар иржээ. Мөн “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний менежер Г.Батпүрэв МҮБХ-той хамтран нийгмийн сайн сайхны төлөө олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ярьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ