Анхны “Залуучууд хөгжлийн төв” маргааш нээгдэнэ

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, НҮБ-ын Залуучуудын асуудлаархи ажлын албаны дарга Мохамед Фолл нар өнөөдөр Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ. Жил бүрийн наймдугаар сарын 25-нийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн залуучуудын өдрийг угтан энэ сарын 12-25 ны хооронд “Залуучууд хөгжилд хамтдаа” гэсэн уриан дор “Залуучдын өдрүүд” –ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

.

Олон улсын залуучуудын өдөр наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлдэг бол 2003 оноос Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон аж. Энэ жилийн Олон улсын залчуудын өдрийг “Залуучууд ба улс дамнасан шилжилт хөдөлгөөн” сэдвийн дор зохион байгуулж байгаа аж.

:

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх тулгамдсан асуудал болсон. Монгол Улсын нийт хүн амд тухайн жилд шилжин ирэгсдийн эзлэх хувь дунджаар 4-4.3 хувь байдаг. Үүнээс  15-19 насны охид 9.6 хувь, 20-24 насын эрэгтэйчүүд 9 хувь байна. Энэ нь сургуульд суралцахтай холбоотой шилжилт хөдөлгөөн юм. Мөн залуучууд гадаад руу шилжих хөдөлгөөн эрчимтэй явагдсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 67.1 мянган залуу гадаадын улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцолсон.

.

Зөлуучуудын өдрүүдийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын яам, Монголын залуучуудын холбоо, НҮБ хамтран Залуучуудын өдрийг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудын төрийн захиргааны төв байгууллагуудын залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулах аж. Мөн “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 15 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулах ажиллагааг эхлүүлэхээр болсон гэнэ. Анхны Залуучууд хөгжлийн төвийг Дархан-Уул аймагт маргааш нээх юм байна. Залуучуудын өдрийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Уул уурхайн дагасан хүн амын тэр дундаа залуучуудын шилжилт хөдөлгөөн, түүнийг дагасан нийгмийн асуудлуудад бүх түвшний анхаарлыг хандуулах, уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Өмнөговь аймагт ажиллах, орон нутгийн болон тус аймагт ажиллаж буй иргэд,  залуучуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, зарим уурхайн үйл ажиллагаатай танилцах зэрэг олон арга хэмжээг ч мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ