Оюутолгойн далд уурхайн ажлыг хойшлуулжээ
“Рио Тинто” компанийн Зэсийн группын ерөнхий захирал манай улсад ирж, “Оюутолгойн” төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн хурал өчигдөр болсон. Уг хурлаараа далд уурхайн үйл ажиллагааг хойшлуулахаар болж үүнийг аюул осолгүйгээр хэрэгжүүлэх шийдвэрийг баталжээ. Тодруулбал, төслийн санхүүжилтийн тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын бүхий л ажил, санхүүжилтийг хойшлуулсан байна.
Энэхүү шийдвэр нь далд, шууд уурхайд ажиллаж байгаа “Оюутолгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдад хамгийн хүндээр тусч байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин үргэлжлүүлэхийн тулд хувь нийлүүлэгчид уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн байгаа ч үүнд тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна. Яриа хэлэлцээр ажил хэрэгч байдлаар явагдаж байна” гэлээ.
Одоогоор “Оюутолгой” ХХК-ийн ил уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах бэлтгэлийг хангаж, олон улсын худалдан авагчдад зэсийн баяжмалаа экспортолж байгаа аж.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ