Н.Төгсбаяр: Айлын хашаанаас олдсон тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон
Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суугч Х-ийн хашаанаас гар бөмбөг олдсон гэх мэдээлэл цацагдаж байна. Уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяртай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Тэсрэх бөмбөгийг иргэн өөрийн биеэр авчирч өгсөн гэсэн. Үнэн үү?
- Тиймээ. Хашаанаасаа гар бөмбөг олсон иргэн уржигдар 11.00 цагийн орчимд өөрийн биеэр цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. Энэ нь маш аюултай. Тэсрэх, дэлбэрэх аюултай бодис олсон иргэд хамгийн түрүүнд онцгой байдлын аврагчдад мэдээлэх ёстой. Гар хүрч болохгүй, өөртөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.
-Яагаад тэр тэсрэх бөмбөг айлын хашаанд байсныг тодруулсан уу?
-Иргэн Х-ийнх шинэ хашаа авсан юм билээ. Тэгэхэд хашаанаас нь гар бөмбөг олдсон байгаа юм. Одоогоор тэсрэх бөмбөг яагаад айлын хашаанд байсныг тодруулахаар цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан гар бөмбөг олдсон газрын ойр хавийг шалгаж байгаа байх. Тус ангийхан айлын хашаанаас олдсон гар бөмбөгийг авч явж аюулгүй болгосон.
-Ямар зориулалтынх байсан бэ. Хор аюулын тухайд?
-Зэвсэгт хүчнийхний тодорхойлсноор байлдааны үед хэрэглэдэг тэсрэх гар бөмбөг байсан. Асар их хор хөнөөлтэй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ