“Загвар аж ахуй” төслийг нээв
Герман улсын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яам манай улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /ҮХААЯ/ хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй “Загвар аж ахуй” төслийн нээлт өнөөдөр боллоо. Тус төсөл нь хоёр үе шаттай бөгөөд эхний судлагаа туршилтын үе нь өнгөрсөн онд эхлээд энэ хавар дуусчээ. Харин өнөөдрөөс эхлээд төслийн үндсэн үе шат болох хэрэгжүүлэх шатандаа орсон юм.
“Загвар аж ахуй” төслийг Төв аймгийн Угтаал сумын “Агрокомплекс”, Дархан-Уул аймгийн “Элит үр” компаниуд дээр хэрэгжүүлж байга аж. Төслийн хүрээнд Герман улсаас үр болон газар тариалан эрхлэгчдэд хамгийн ихээр дутагддаг шинэ техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэх бөгөөд төмс болон улаан буудай, рапсийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Хоёр жил үргэлжлэх дээрх төслийн хүрээнд энэ чиглэлийн сургалт, зөвлөгөөг газар тариалан эрхлэгчдэд өгөх юм. ҮХААЯ-ны дэд сайд Ц.Тувааны ярьж буйгаар “Дэлхийд тэргүүлэх хэмжээний газар тариалангийн туршлагатай улстай хамтарснаар бид энэ туршлагыг Монголын хөрсөнд буулгах үндсэн зорилготой” хэмээв.
“Загвар аж ахуй төсөл” нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан усалгаатай газар тариаланг хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, атаршсан талбайг эргэлтэд оруулах зэрэг газар тариалангийн салбарт олон үр өгөөж өгөх аж.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ