
Монгол улсад Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 90 жил, Монголын анагаах ухааны академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан анагаах ухааны салбарынхан олон улсын болон үндэсний хэмжээний 10-aaд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хийсэн судалгааны ажлын үр дүнгээ дэлгэн тавьж, сонгон хэлэлцүүлсэн юм.
Энэ удаа анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чанартай судалгаа явуулах нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт чухал бөгөөд бөгөөд үүнийг сайжруулах нэг арга хэрэгсэл нь анагаах ухааны ёсзүйн хяналт байдаг. Анагаах ухааны ёсзүйн үндсэн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөн хэрэгжүүлж чадвал судалгааны ажлын шинжлэх ухаанч байдлыг дээдлэх үүргээ судалгаанд хамруулж буй хүний эрүүл мэнд, нэр хүнд, сайн сайхан байдлыг хангах үүрэгтэйгээ нягт уялдуулан арга зүйгээ боловсруулж, судалгааг явуулж сайн үр дүнд хүрэх боломжтой.
Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог 2015 он хүртэл хөгжүүлэх стратегийг 2008 онд батлан хэрэгжүүлж байна. Энэ стратегийн 6 үндсэн зорилтын нэг нь анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор үндэсний чуулган зохион байгуулж байхаар төлөвлөсний дагуу Анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэхийн тулд ЭМЯ-ны анагаах ухааны ёсзүйн хяналтын хороо, салбар хороодыг байгуулан судалгааны төсөлд зөвшөөрөл олгож, төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажилласнаар судалгааны ажлын чанарыг сайжруулахад бага боловч хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна.
Түүнчлэн ёсзүйн хороодын гишүүд, судлаачдыг шаардлагатай гарын авлагаар хангах, тэдний мэдлэг, дадлагыг сайжруулах сургалтыг удаа, дараа зохион байгуулж ирсэн байна. Энэ ажилд ДЭМБ, НДББ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, санхүү, техникийн гүн туслалцаа, дэмжлэг үзүүлж байдаг. Үүний нэг жишээ нь бидний урилгыг хүлээн авч эрдэм шинжилгээний тогтолцооны чадавхитай танилцах, цаашид Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн цахим мэдээний сан үүсгэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээр НДББ-ийн эрдэм шинжилгээ хариуцсан зохицуулагч хатагтай Манжу Рани хүрэлцэн ирж, чуулганд оролцсон байна.
Энэхүү чуулганд анагаах ухааны чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэн, төв, их дээд сургууль, томоохон эмнэлгүүд, бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, эрүүл мэнд анагаах ухааны судалгааг дэмжигч байгууллага, энэ чиглэлийн бодлого тодорхойлогч байгууллага, олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 төлөөлөгч оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ