
Сургуулиуд багшлах боловсон хүчнээ өөрсдөө мэдээд авдаг. Ингэхдээ мэдлэг чадвар биш, танил тал харах нь бий. Тиймээс НБГ-аас сул ажлын байрны захиалгыг нэгдсэн байдлаар авч, сонгон шалгаруулалт тогтсон хугацаанд зарлаж боловсон хүчнийг нөхөх бодлого барьж байна. Энэ сарын 19-ний дотор сургуулиудаас хэрэгтэй байгаа багшийн орон тооны захиалгыг авч 24, 25-нд сонгон шалгаруулалтыг явуулахаар боллоо. Мөн нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйчдийн материалд үзлэг хийж, үнэхээр энэ ажлыг хийж чадах хүн мөн эсэхийг шинжлэх юм. Учир нь эцэг эхчүүд, багш нарын зүгээс ирдэг гомдлын нэг нь тухайн сургуулийн нийгмийн ажилтаны ур чадварт эргэлзсэн, ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилсэн шүүмжлэл байдаг.
Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчдээс гадна, сургалтын менежер, арга зүйчдийн сонгон шалгаруулалтаар авдаг болох талаар журмыг НБГ-аас боловсруулж байна. Захирал, эрхлэгч солигдохоор сургалтын м енежерүүд дагаад солигддог үзэгдэл байгаа нь сул ажлын байрт тохирсон хүн авахгүй байгааг илтгэж байгаа юм. Тиймээс сул ажлын байранд мэдлэг чадвартай боловсон хүчин авахын тулд шударгаар сонгон шалгаруулах ёстой гэж үзлээ. Энэ журмыг боловсруулахдаа сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг тусгана.
Мөн нийслэл, дүүргүүдэд багш нарын ёс зүйн дэд хороодыг шинэчлэн байгуулахаар боллоо. Дэд хороод сургууль, цэцэрлэг, багштай холбоотой гомдлыг хэлэлцэнэ. Мөн эцэг эх хүүхдүүдээс гомдол ирээгүй ч гэсэн, энэ чиглэлээр соён гэгээрүүлэх ажил хийх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ