“XX зууны монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” эрдэм шинжилгээний хурал эхэллээ
“XX зууны монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэв олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочин буудлын “Хөх асар” танхимд эхэллээ.
Тус хуралд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин, академич Д.Цэрэнсодном, Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Сүрэнжав нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, академич Д.Төмөртогоо “XX зууны уран зохиол монгол орны тухайн үеийн амьдрал, түүх соёлыг үнэн бодитоор тусган харуулсан гэдгээрээ бусад уран цаг үеийн уран зохиолоос ялгардаг. Тиймээс энэхүү түүх соёлын үнэт өвийг судалж, нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд XX зууны уран зохиолыг дагнан судалдаг олон улсын эрдэмтэд оролцож байгаа нь сайшаалтай” гэж хэлэв.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлэхээр гадаад, дотоодын 34 эрдэмтэн судлаачид ирсэн бөгөөд анхны илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээнлэнгийн секторын эрхлэгч С.Байгальсайхан “Монголын утга зохиолд XX зууны уран зохиолын гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь, XX зууны уран зохиол судлалын чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд маргааш илтгэлээ хэлэлцүүлэхээс гадна “XX зууны Монголын утга зохиолын соёлын өв” номын нээлтийг хийнэ. Харин сүүлийн өдөр буюу 17-нд Төв аймагт зохиолч, яруу найрагчдын тайлбарт уншлага болох аж.
6
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ