
Нийслэлийн хүнсний захуудад өмнө нь тогтмол буурч байсан махны үнэд энэ долоо хоногт төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ сарын 14-ний байдлаар “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Хар хорин”, “Барс” зэрэг худалдааны төвүүдэд үхрийн ястай мах дунджаар кг нь 7500-10500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин “Таван Эрдэнэ” зах дээр өмнөх долоо хоногоосоо 6.3 хувиар буюу 500 төгрөгөөр хямдарч 9000 төгрөгийн үнэтэй зарагдаж буй аж. Үхрийн цул махны тухайд мөн л дээрх худалдааны төвүүдэд өмнөх долоо хоногийн үнээр буюу кг нь 9000-11500 төгрөгийн үнэтэй байна.
Хонины ястай мах энэ удаад зөвхөн “Хар хорин” худалдааны төвд кг тутамдаа 200 төгрөгөөр хямдарч 6300 төгрөг байгаа бол бусад захуудад 6500-9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл хонины цул мах “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Баянзүрх” худалдааны төвд кг нь 8000-8300 төгрөг, ямааны мах 6100-6200 төгрөгөөр борлуулагдаж байна. Адууны мах энэ долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр кг тутамдаа 300 төгрөгөөр хямдран 5500 төгрөгийн үнэтэй болсон байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ