С.Ганбаатар: Ерөнхий сайд шахалтад орчихсон байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгой, Рио Тинтотой холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэж байна.
:
-Далд уурхайн ажил зогссоноос олон монгол ажилтан ажилгүй болж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь хэний буруу гэж бодож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Рио Тинто энэ тал дээрээ гайхалтай компани. Тухайн улсын Засгийн газрыг өөрийнхөө хүсч байгаа өрийн бичиг, тулган шаардалтад оруулахын тулд хаана, бооно, ажлаас нь хална гэж шахдаг. Хамгийн аймшигтай нь тухайн улсын ард түмэнд Засгийн газрыг нь муухайгаар харагдуулах, эсвэл ярьж байгаа улстөрчидийг нь муугаар харагдуулахын тулд маш их мөнгө хаядаг. Та нар харж болно. “Их уст Туул” гэдэг компанид гуравдугаар сарын 7-нд 600 мянган ам.доллар зүгээр өгсөн. “Зико Зэ” гэдэг компанид 1 тэрбум ам.доллар өгсөн байна. Юунд өгч байгаа юм. Түүнээс гадна Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэх боломж гэсэн заалт байгаа. Энэ заалтын 8.1 дээр Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгаалалтай холбоотой хууль тогтоомжуудыг мөрдөнө гэж заасан байгаа. Манай хөдөлмөрийн хуулинд ажилтанг халж солих бол тухайн ажилтан хуулийн байгууллагатай хэлэлцээрт орно гэж заасан. Гэтэл яагаад хэлэлцээрт орохгүйгээр олон улсад цацаж, биднийг муухайгаар харагдуулаад байгаа юм. Би тэр ажлаас халагдаж байгаа хүмүүсийг хамгаална. МҮЭ тэднийг хамгаалах ёстой. Тэд өөрсдийнхөө төлөө эвлэлдэн нэгдэх ёстой.
:
Өөр нэг зүйл. 8.12-т энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор Оюутолгой монгол ажилчдыг сургах, яаж ажиллуулах вэ, боловсон хүчнийг яаж хангах вэ гэсэн 5 жилийн төлөвлөгөөг 90 хоногийн дотор Засгийн газарт хүргэнэ гэж заасан байгаа. Тэр 90 хоногийн гэрээн дотор монгол ажилчдыг хална гэсэн төлөвлөгөөг байхгүй. Хуулиар явах ёстой. Тиймээс энэ асуудлаар Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ мэдээлэл хийх ёстой. Өнөөдөр тэнд ажиллаж байсан ажилчид мэдээлэл хийх ёстой. Тэд ажил олгогчтой хэлэлцээр хийж, үнэхээр Монголын Засгийн газар 24.4 тэрбум ам.долларыг авахгүй гэсний төлөө ажлаас халагдсан эсэхийг мэдэх эрхтэй. Хэрэв тийм байвал энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Энэ бол НҮБ-ын 1308 дугаар конвенцийг зөрчиж байгаа хэрэг.
:
-Засгийн газар энэ тулган шаардалтыг хүлээж авахгүй бол Оюутолгойн үйлдвэрлэл цаашид зогсох магадлал өндөр байна. ҮАБЗ-өөс баталсан гэрээгээр цаашид явж болохгүй гэж үү?
-Энийг тэгвэл хүлээж авсан нь зөв юм уу. ҮАБЗ-д батлагдсан гэрээнд 5.1 тэрбум ам.доллар гэж байгаа. Энэ бол тулган шаардсан луйвар. Өмнөх засаг Оюутолгойгоос 250 сая ам.доллар зээлсэн. Гэтэл одоо тэр мөнгөний хүү 27 сая ам.доллар болсон. Энэ өртүүлэх ажлыг улам томоор хийе гэж байгаа хэрэг. 24.4 тэрбум ам.долларын хүүг тооцно гэсэн үг. Тиймээс бид ирээдүйгээ бодож, Засгийн газар, улстөрчид зөв шийдэлд хүрвэл би дэмжинэ. Рио Тинто монголд уурхай ажиллуулах хэрэггүй зүгээр л хүүгээ аваад сууж байхад болно.
:
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд хэлэхдээ “Оюутолгой ажилтнаа халахгүй дор бүрдээ ажлаа хийнэ" гэж байсан. Гэтэл одоо ажилчид нь халагдаад эхэллээ. Энэ асуудлыг та юу гэж бодож байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань гараа ардаа гартлаа мушгиулсан гэсэн үг. Миний санаа ойлгомжтой байна уу. Шахалтад орчихсон байна гэсэн үг.
:
-Уг нь хэлэлцэж тохиролцоод тодорхой шийдэлд хүрнэ гэж байсан. Тэр нь юу болсон юм бол?
-Монголын Засгийн газрыг үл ойшоож, ард түмэнд нь ховлох ажлыг Рио Тинто хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдыг тэд хүндлэхгүй байна гэсэн үг.
:
-Далд уурхайн үйл ажиллагааг дахин хэвийн үргэлжлүүлэх боломж хэр байгаа вэ?
-Бүрэн боломжтой. Тэд зөвхөн мэдээгээ өгч, Монголын талыг өрийн бичгээр сөгдүүлэх гэдэг ажлыг л хийж байгаа.
:
-ГААГ-ын олон улсын шүүхэд өгсөн асуудал юу болсон бэ?
-Би жишээ нь Мозамбик улсын нэг нуурыг хамгаалж, ГААГ-ын шүүхэд хандсан эмэгтэйтэй их холбоотой байдаг. Тэр эмэгтэй заргаа авахын тулд найман жил тэмцсэн. Энэ бол өнөө маргаашгүй шийдэгдэх асуудал биш. Одоогоор надад хариу ирээгүй байна. Хариу ирэхгүй, есөн сар хүрчихвэл би дахиад захидал явуулна.
:
-Далд уурхай зогссон шалтгааныг юу гэж бодож байна?
-Дураараа авирлаж, Монголын Засгийн газарт тулган шаардалт хийхийн тулд далд уурхайг зогсоолоо гэдэг мэдэгдлийг тэд гаргаж байна. Энэ асуудлаа ширээнд сууж, дүрмийн хувьд хуулийн хүрээнд ярих ёстой. Гэтэл айдас хүйдэст автуулж, Монголын Засгийн газрыг хүнд байдалд оруулах нь тэндний сонирхол байна. 13-1, 13-2 гэдэг заалт дээр байгаа. Хэрвээ маргаан үүсвэл хоёр талаас бичгээр өгөөд 60 хоногийн дотор ширээний хоёр талд суугаад ярих ёстой асуудал. Тэд энэ гэрээгээ, хуулиа биелүүлэхгүй байна.
:
-Манайх хөрөнгө оруулалтыг нь зөвшөөрөхгүй, дээрээс нь Рио Тинто хариу болгон сөрөх маягийн арга хэмжээ авч байгаа энэ цаг үед бидэнд ямар шийдэл хэрэгтэй вэ?
-Энд хамгийн гол шийдэл бол Монголын Засгийн газар нээлттэй байж, ард түмэнтэйгээ ярилцах ёстой. Монголын Засгийн газар тэднийг цуурай маягаар хоёр талаас нь ярих биш ширэнд суу гэж хэлэх эрхтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал байна уу , тэрнийгээ хаалттай хийнэ үү хамаагүй. Хамгийн гол нь юу хүсч байгаагаа ярилцах ёстой. Оюутолгой гэдэг баялгийн эзэн нь та бид. Яагаад энэ хүмүүст нь хэлэхгүй нууцаар ярилцаад байгаа юм. Үндсэн шалтгаан нь энэ. Тэгээд улстөрчид энэ шийдэлд битгий ор. Би энэ асуудлаар найман жил ярьж байна. Бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуул. Ганбаатарын ярьж байгаа буруу байж болно шүү дээ. Би миний үг туйлын зөв гэж бас хэлээгүй. Гэхдээ миний үзэж байгаагаар тэд буруу ярьж байна. Тэгэхээр дундаас нь шинжээчид, хуульчид дүгнэлт гаргах ёстой. Надаас авах юм байж болно, хаях юм байж болно. Тэдний 24.4 тэрбум ам.долларыг хүлээн зөвшөөрөх шалтаг байгаа бол гаргаад ир. Энийгээ нээлттэй ярихгүй яагаад сүрдүүлээд, хүмүүсийг халж, шахалт үзүүлээд байгаа юм.
\
-Монголын тал харилцан ашигтай шийдэлд хүрэхийн тулд ямар нөхцөл, шаардлага тавих ёстой гэж та бодож байна.
-Хамгийн гол нь УИХ-аар батлагдсан 5.5 тэрбум ам.доллар гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа шүү дээ. Та нар харж болно. 5 тэрбум 124 сая ам.доллар гэж байгаа. Энэний задаргааг ТЭЗҮ дээрээ баталчихсан. Дараа нь Рио Тинтогийнхон 6.2 тэрбум ам.доллар гэж мугуйдалж байгаа. 14.6 болгомоор байна гэж бас ярьж байсан. Энэ тоонуудаа гаргаж ирээд ярих ёстой. Та нарт нэг сонин юм хэлье. Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь өнөөдөр хүртэл батлагдаагүй. Юу хийх нь тодорхой байж, зээл авдаг. Дараа нь байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө гараагүй. Тиймдээ ч тэд зүгээр л өрийн бичиг тулгаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Миний ярьсан зүйлүүдээс буруу зүйл байвал хэлээд өгөөч. Яагаад гэвэл би өнөөдөр л гэнэт энэ асуудлыг яриагүй шүү дээ. Маш удаан ярьж байна. Надад бүх баримт материал байна. Нээлттэй үзэж болно.
:
-Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа хүмүүсийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Тэр хүмүүс маш ухаалаг, гольф маш сайн тоглодог хүмүүс гэж бодож байна.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ