
Нийслэл хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор “Гудамж” төсөл “Хотын төв” дэд төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 10 гаруй чиглэлд шинээр зам барих, хуучин замуудыг шинэчлэн засварлах ажил эхэлж байна. Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс хойшоо Моносын уулзвар хүртэлх замын өргөтгөл, шинэчлэх ажил, Халдвартын эцсээс Нарантуул худалдааны төвийн зүүн талаар Нарны замтай шууд холбогдох шинэ зам барих ажил эхлээд байгаа бол “Атар Өргөө” компанийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто зам шинээр барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөжээ.Үүнээс гадна Дарь-Эх Сансарын уулзвараас Токиогийн гудамж дагуу Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх авто замын өргөтгөн шинэчлэх, Бөмбөгөрийн уулзвараас Модны 2-ын замтай холбосон шинэ зам барих, Гэсэр сүмийн баруун талаар Тасганы уулзвараад өгссөн замаас Гандангийн хашааг тойруулан Амарсанаагийн гудамж хүртэл шинэ зам барих, Москва хорооллын зүүн урд талаас БҮК-Яармаг чиглэлд шинээр зам барих, Оргил рашаан сувиллын уулзвараас Жапан таун хүртэл шинээр зам барих зураг төслийг боловсруулж байгаа юм байна.
Мөн Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзварын ойролцоо III эмнэлэгийн урд болон “Техник импорт” компанийн баруун талд шинээр автомашины зогсоол барьж байгуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ