Анхны “Залуучууд хөгжлийн төв” нээлтээ хийлээ

img

Олон улсын болон Монголын Залуучуудын өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээр  болсон юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд энэ сарын 14-ны өдөр залуусын хот хэмээн нэрлэгддэг Дархан-Уул аймагт орон нутгийн залуучуудад зориулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлт боллоо.

.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Китахара Наоми болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

.

ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж  буй “Залуучуудын хөгжил 2013-2017”  төслийн нэг хэсэг болж, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусийн халдвараас сэргийлэх” төслийн хүрээнд энэхүү “Залуучуудын хөгжлийн төв” –ийг байгуулж байна.

.

Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсоноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржэхүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж. Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж чаджээ.

.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Дархан-Уул аймаг дахь “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлтийн ёслолын үеэр “ Монголын залуучуудын зайлшгүй хэрэгцээ шаардлага болж буй Залуучуудын хөгжлийн төвүүдийг зорилтот орон нутгуудад үе шаттайгаар байгуулна. Залуучуудын хөгжлийн төлөөх энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй бүх байгууллагуудад Монголын мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархаж байна” гэдгээ мэдэгдсэн байна.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ