Елена Исинбаева: Азаар би ижил хүйстэн биш
Нэрт тамирчин Елена Исинбаева ОХУ-д хэдэн хоногийн өмнөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ижил хүйстнүүдийн харилцааг сурталчлахгүй байх хуулийг сахихыг сануулсан байна. “Бид бусдын үзэл бодлыг хүндэтгэж үзнэ. Гэхдээ бидний хүндэтгэл үзүүлж буй тэр хүмүүс юун түрүүнд манай улсын хуулийг хүндэтгэж, гудамжинд ижил хүйстэн хүмүүсийн чиг хандлагыг сурталчлахгүй байх ёстой” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Сүүлийн үед ижил хүйстнүүдийн эсрэг хуулиа чангатгаж эхэлсэн ОХУ-ын эсрэг зарим улс тэмцэл зарлаж, Сочигийн өвлийн олимпод тамирчдаа оролцуулахгүй байхыг уриалах болсон. Энэ талаар Исинбаева өөрийнхөө байр суурийг мөн илэрхийлжээ. Тэрбээр “Мэдээж, олимпийн наадамд оролцуулахгүй байхыг би дэмжихгүй. Тамирчид олимпийн наадамд оролцох, амжилт гаргахын тулд олон сар уйгагүй бэлтгэл хийдэг. Хэрвээ улстөрчид энэ байдлаас болж тамирчдаа олимпид оролцуулахгүй гэвэл энэ нь шударга бус шийдэр болно. Энэ бол бидний, манай улсын хууль учраас мөрдөхөөс өөр арга байхгүй” гэлээ.
Түүнээс “Хэрвээ та ижил хүйстэн байсан бол аль болох хуулиа зөөлрүүлэхийг хүсэх байсан. Ижил хүйстнүүдийг эсэргүүцлээ гээд ОХУ-ын гадаад нэр хүнд сайжрахгүй нь лав. Таныг хүндэлдэг хүмүүсийн үзэл бодлоос айхгүй байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Исинбаева “Азаар би ижил хүйстэн биш” хэмээн хариулаад хэвлэлийн хурлаа өндөрлөсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ