Багшийн сургуулийн элсэлтийн бүртгэл эхэлжээ

img

Сургалтын төлбөр 1237150 төгрөг

6

МУБИС-ийн Багшийн сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн бүртгэл эхэлжээ. Иймд манай сурвалжлах баг тус сургуулийг зорьж дараах сурвалжлагийг бэлтгэсэн юм. Биднийг тус сургуульд очиход сургуулийн цонх дээр сургалтын төлбөр болон анги хувиарлалтын талаарх мэдээ, мэдээлэл гарсан байв. Уг мэдээлэлийг уншиж зогссон зарим эцэг эхчүүд “Сургалтын төлбөр арай л дэндэж байна. Хэдэн малаа зарж үрэн байж энэ хүүхдийг эрдэмтэй болгох нээ” гэх нь мэр сэр сонсогдоно.

Сургууль руу ороход тус сургуулийн дээд курсын оюутнууд бололтой хүүхдүүд сургуулийнхаа цонх, хана, шал зэргийг хичээнгүйлэн угааж байгаа харагдав. Харин тэдний цаана эцэг эхчүүдийн оочер дараалал үүссэн байлаа. Тэднээс хүүхдээ бүртгүүлэхээр зогсож байгаа юм уу гэж асуухад ихэнх нь сургуулийн төлбөрийн асуудлаар захиралтай уулзахаар зогсож байгаагаа дуулгав. Учир нь энэ жилийн сургалтын төлбөр нь 1237150 төгрөг бөгөөд энэ сарын 21-нээс өмнө сургалтын төлбөрөө төлсөн оюутнуудыг хичээлд нь суулгах ажээ.  Гэхдээ шинээр элсэгч оюутан ЭЕШ-нд 650-750 оноо авсан сургалтын төлбөрийн 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна.

Энэ үеэр тус сургуульд хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн эцэг эх болон шинээр оюутан болж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

.

“Төлбөрөө гүйцэт төл” гэсэн

.

Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Ч.Гачмаа

“Багшийн сургуулийн сургалтын төлбөр их өндөр санагдаж байна. Өвгөн бид хоёр хоёулаа группэд байдаг. Өргөмөл ганц охиноо багш болгочих санаатай энэ сургуульд элсүүлсэн. Гэтэл сургалтын төлбөрөө 100 хувь төлж байж, бүртгүүл гээд байна. Уг нь эхлээд 750 мянган төгрөгийг нь өгөөд, ирэх 9-р сарын 15-нд үлдсэн төлбөрийг нь хийе гэж хэлсэн. Тэгтэл болохгүй, заавал гүйцэт төл гэнэ. Тиймээс захиралаас нь орж гуйхаар зогсож байна. Манайх уг нь таван хүүхэдтэй. Тэд бүгд сургуульд сургаж чадаагүй. Ядаж бага охиноо эрдэмтэй хүн болгочихмоор байна”.

.

Төлбөр нь бусад сургуулийн бодвол гайгүй санагдсан

.

Өвөрхангай аймгийн иргэн Ё.Алтанцэцэг

“Сэтгэгдэл өндөр байна. Би багаасаа багш болох сонирхолтой байсан. Тиймээс Багшийн сургуулийн сонгож, энэ сургуулийн оюутан болохоор ирсэн. Төлбөр нь бусад улсын их дээд сургуулийн бодвол гайгүй санагдаж байна. Сайн багш болно гэдэгтээ итгэлтэй байгаа” гэв.

.

Сургалтын төлбөрийг зах зээлийн инфляцийг тооцож гаргадаг

.

МУБИС-ийн Багшийн сургуулийн сургуулийн захирал Д.Энхцэцэг сургалтын төлбөрийн асуудалд дараах тайлбарыг хийсэн юм.

.

-Танай сургалтын төлбөр өмнөх жилийнхээсээ бараг 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ямар шалтгаанаар сургалтын төлбөрөө нэмсэн бэ?

-Энэ жилийн сургалтын төлбөр1237150 төгрөг байгаа. Сургалтын төлбөрийг зах зээлийн инфляцийг тооцож гаргадаг. Энэ асуудлыг Боловсролын яамнаас асуусан дээр болов уу.

.

-Энэ хичээлийн жилд нийт хэдэн оюутан шинээр элсүүлсэн бэ?

-Нийт 350 оюутан шинээр элсүүлсэн. Эдний дийлэнх нь хөдөө орон нутгаас ирж байгаа.

.

-Хандивын анги бий юу?

-Байхгүй.

.

-Танай сургууль энэ жил харьцангуй эрт элсэлтийн бүртгэлээ авч байх шиг байна

МУБИС-ийн бусад сургууль энэ сарын 21-нээс эхлэн элсэлтийн бүртгэлээ эхлүүлнэ. Харин манай сургууль тэр үед нь хичээлээ эхлүүлсэн байх болно. Манай сургуулийн элсэгчдийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Ирэх ирэх даваа гаригт нэгдүгээр курсын оюутнууды хичээл эхэлнэ.

.

-Яагаад ийм эрт хичээллэх эхлэж байгаа юм бэ?

-Энэ жил манай сургуулийн хичээлийн хөтөлбөрт тодорхой хэмжээний шинэчлэл орсон. Үүнтэй холбогдуулан хичээлээ бусад сургуулиас түрүүлж оруулахаар болсон. Манай Багшийн сургуульд ихэвчлэн хөдөө, орон нутгаас оюутнууд ирж суралцдаг. Тиймээс эхний долоо хоногт тэдэнд биеэ хэрхэн авч явах, хичээлдээ хэрхэн суралцах зэрэг мэдээ, мэдээллийн лекцүүдийг уншина. Түүний дараа англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлнэ.

.

-Орон нутгийн оюутнуудын дотуур байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Элсэгч оюутнууд оюутны дотуур байранд ороход хялбар байгаа. Тэд дотуур байранд орохын тулд өргөдөл гаргаад л болоо. Түүнчлэн, удахгүй ашиглалтад орох 1000 оюутны байранд тодорхой тооны оюутныг оруулна. Тиймээс шинээр элсэгч оюутнууд дотуур байрны асуудалд санаа зоволтгүй” хэмээн ярив.

.

Б.Одон

Гэрэл зургийн Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saraa:
shine bair ni haana barigdaj bgan. huuchin bairnd ni orj bno bzde
2013-08-18
tsatsaa:
Ё.Алтанцэцэг ysn mongotei bayn ohin bee. tolbor ni gaigui bn geh shig.
2013-08-16
mbmiiga:
yun olon batsaanuud bagsh bolno geed bgan be. eoeo ta nar bagsh bolloo geed bagshiin ajil ymar tim amar oldoh ni bish dee. huurhii.
2013-08-16