
Олимпийн хоёр, дэлхийн гурван удаагийн аварга Исинбаев ижил хүйстнүүдийн тухай санал бодлоо хэлсэн нь олон улсад шуугиан тариад байна. Тэрбээр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийлээ. “Англи хэл миний төрөлх хэл биш. Миний англиар хэлсэн үгийг буруу ойлгосон бололтой. Би зочны хувиар аливаа оронд ирсэн хүмүүс тухайн орны хуулийг хүндэтгэх ёстой гэж хэлэхийг хүссэн. Би олимпийн хартад заасны дагуу бэлгийн ямар ч чиг хандлагатай хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг санал нэг байдаг” хэмээн хэлжээ.
Тэрбээр дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Оросод яагаад ижил хүйстний эсрэг хууль баталсан талаархи сэтгүүлчдийн асуултад англиар “Бид өөрсдийгөө хэвийн хүмүүс гэж боддог. Манайд эрэгтэй нь эмэгтэйтэй хамт амьдарсаар ирсэн уламжлалтай. Хэрвээ бид иймэрхүү сурталчилгаа хийгээд байвал манай үндэстэнд аймшигтай байх болно гэж санаа зовинодог. Оросод ийм асуудал байгаагүй, ирээдүйд ч бий болно гэж бодохгүй байна” гэсэн юм.
Исинбаев энэхүү үгээ юуны учир хэлэх болсноо тайлбарлахад хүрсэн бөгөөд Шведийн хөнгөн атлетикчид ижил хүйстнүүдийн бэлгэдэл болсон солонгын өнгөөр хумсаа будаж тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа “Тэд манай улсыг үл хүндэтгэж байгаа хэрэг. Яагаад гэвэл бид оросууд. Магадгүй бид Европын бусад улсын иргэдээс ялгаатай байх. Гэхдээ бидэнд хүндэтгэх ёстой хууль байдаг” гэсэн аж. Түүний энэ үгийн дараа зарим нэг хүмүүс түүнийг сайн санааны элч төлөөлөгчийн статусаасаа татгалз гэсэн шаардлага хүртэл тавиад байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ