
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл гарсантай холбоотойгоор орон сууцны эрэлт эрс нэмэгдсэн. Энэ нь ч өчигдөр нээлтээ хийсэн “Шинэ орон сууц экспо-2013” үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас харагдаж байсан юм. Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 3 өдөр зохион байгуулж буй энэ удаагийн намрын төрөлжсөн үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, банк санхүүгийн байгууллага, орон сууц барьж худалдан борлуулж буй нийт 50 орчим компани оролцож байв. Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг байгууллагуудаас хамтран зохиож буй тус үзэсгэлэнгийн үеэр иргэд байраа сонгон, тэндээ банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Хэдийгээр шинэчлэлийн Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогоор ийнхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан. Мөн Монголбанкнаас байрны үнийг тогтворжуулах үүднээс 320 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус салбарт хийсэн билээ. Гэсэн хэдий ч тус хөтөлбөр бодит байдал дээр урьдчилгаа 30 хувь болон зах зээлд байгаа орон сууцны өндөр үнээс болоод бага орлогтой бүү хэл дунд орлоготой иргэдэд төдий л хүрч чадахгүй байгаа. Энэ нь ч “Шинэ орон сууц экспо-2013” үзэсгэлэнгийн үеэр харагдаж байсан.
Оюу”ХХК-ийн энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 58 айлын орон сууц м2 нь нэг сая 300 мянган төгрөг байв. Харин Улаанбаатарын төвийн дүүргүүдэд бол орон сууцны м2-ын үнэ нэг сая 700 мянгаас эхлээд 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Орчин үеийн загвартай, цөөн айлын хаусуудийн хувьд бүр 220 сая төгрөгт хүрсэн байгаа бол Канад хаус м2 нь 750 төгрөгөөр барих аж. Гэхдээ үзэсгэлэнд оролцож буй компаниудын орон сууцнуудад ихэвчлэн 2-3 өрөө л үлдсэн байгаа харагдлаа. Харин ашиглалтад орох хугацааны тухайд хамгийн эхнийх нь энэ оны 10 сард байгаа бол цаашлаад ирэх оны 2-3 дугаар улиралд баригдаж дуусах аж. Гэсэн хэдий ч баригдаж буй барилга нь эрэлтээ гүйцэхгүй байгаа энэ үед иргэд баригдаж эхлээгүй байсан ч хамаагүй орон сууцтай болох хүсэлдээ хөтлөгдөн захиалга өгөх нь их байна. Харин арилжааны банкуудын тухайд сүүлийн үед гадуур орон сууцны зээлд хязгаарлалт тавьсан гэсэн яриаг үгүйсгэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр орон сууцнуудын үнийг хэт өндөр байна гэх иргэд бидэнтэй олон таарлаа. Ингээд бид дээрх үзэсгэнг үзэж буй зарим иргэдийн санаа бодлыг сонирхлоо.
Р.Цэрэндулам: Боломжийн орон сууцнууд байгаа ч үнэтэй юм
-Та өөрөө байр авахаар сонирхож явна уу?
-Үгүй ээ. Би Солонгост амьдардаг эгчдээ байр үзээд явж байна. Уг нь намайг 2 өрөө харчихаарай гэсэн юм. Боломжийн орон сууцнууд байгаа ч үнэ нь их өндөр харагдлаа.
-Байраа зээлээр авах уу?
-Үгүй ээ, бэлэн мөнгөөр нь авах гээд байгаа юм.
-Байрлалын хувьд хаагуур сонирхож байна?
-Байрлал хамаагүй. Үнийг нь л хараад байна. Үнэ нь л гайгүй бол хаана ч байсан яах вэ.
П.Баярцэцэг: Зээлд хамрагдъя гэтэл байрны үнэ өсчих юм
-Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын байрны үнэ хэр санагдав?
-Байр их үнэтэй байна.
-Та хүүхдүүддээ байр үзэж явна уу?
-Тийм ээ. Би хүүхдүүддээ 2 өрөө байр л сонирхож явна. Гэтэл их үнэтэй байна. Уг нь болж өгвөл хотын төв рүү л санаатай байна. Гэхдээ хотын захад ч ялгаагүй үнэтэй байна шүү дээ.
-Та зээлээр авах уу?
-Тийм ээ, найман хувийн зээлд л хамрагдаж санаатай. Уг нь энэ зээл өөрөө их боломжийн ч гэсэн байр өсчихөөр авахад хэцүү байна.
Б.Болд: Монголын өнөөгийн нөхцөлд м2 сая 500 орчим байхад л болно
-Та хэдэн өрөө байх сонирхож байгаа вэ?
- Би 50-60 м2-тай дундаж байр л сонирхож байна. Гэтэл маш үнэтэй байна.
-Анх удаа орон сууц авах гэж байгаа юу?
-Үгүй ээ, хуучин байраа шинэчлэх санаатай.
-Байрны үнэ яагаад өсөөд байна гэж та бодож байна вэ?
-Найман хувийн хүүтэй зээлээс хойш байрны үнэ хамаагүй өссөн.
-Таны бодлоор м2-ийн үнэ хэд байвал та байр авах боломжтой вэ?
-Монголын өнөөгийн нөхцөлд м2 сая 500 орчим байхад л болно. Тэгвэл дундаж орлогтой иргэд орон сууцанд хамрагдах боломж бий болно. Гэтэл том том компаниудын байр м2 нь 2 сая 800 ч гэж байна. Энэ арай дэндэнэ.
-Байрны сонголтын хувьд хэр санагдав?
-Нэг өрөө байр алга. 2 өрөө гэхээрээ голдуу сүүдэр талдаа байрлалтай байна. Тэгээд их том талбайтай юм.
А.Энхжаргал
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ