Бизнесийнхэн төрд “гомдол” мэдүүлжээ
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХАҮТ/-аас эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлгээ дүгнэлт, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар энэ сарын 15-нд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2008 оноос үүдэлтэй улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт түүнд суурилсан хавтгайрсан халамжийн тогтолцоо нь Монголын эдийн засгийн бодлогыг алдагдуулж, улмаар сүүлийн саруудад болж буй эдийн засгийн бууралт, валютын ханшны огцом хэлбэлзэлийн шалтгаантай холбон дүгнэжээ. Мөн хөрөнгө оруулалт, бизнесийн орчин муудаж, хувийн хэвшлийн бизнесийн идэвхижил, хөрөнгө оруулалт бүхэлдээ саарч байгааг анхааруулсан байна. Энэ нь ялангуяа бичил, жижиг, дунд бизнесийн санхүүгийн орчинд тэдний олон жил хүсэн хүлээж буй өөрчлөлт гарахгүй байгааг тус мэдэгдэлд онцолсон байв. Түүнчлэн төрийн зүгээс эдийн засагт оролцох явдал хэт хавтгайрч, төрийн өмчит компаниуд үйлдвэрийн газар байгуулах дуршил хэрээс хэтэрч, цаашлаад төрийн капитализмын хамгийн муу хэлбэр бүхий нийгмээр солих оролдлого сүүлийн үед хүчээ авч байгаа. Энэ нь хувийн хэвшлийнхний санааг зовоож буйг саяхан тэдний дунд явуулсан судалгаанаас тодорхой харагдаж байна гэжээ.
6
Үүгээр ч барахгүй бизнесийнхний дунд сүүлийн үед намын харьяаллаар нь ялгаварлах үзэл ихэссэн талаар бизнесийн байгууллагууд гомдол гаргажээ. Энэ мэтчилэн олон асуудлыг дээрх мэдэгдэлд хөндсөн байна. Харин цаашид бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын орчныг тааламжтай болгох, хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн батлагдсан баримт бичгийг хувийн хэвшилтэй нь хамтран хэрэгжүүлэхийг төрөөс шаарджээ. Мөн бичил, жижиг, дунд бизнесийг дорвитой дэмжих санхүүгийн тааламжтай орчин бий болгох, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогын зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх гэх мэт бодлогын чиглэлүүдийг төр ба хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай зөвшилцөх институцийн орчинг бий болгох замаар хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулав.
5
Ингээд эцэст нь “Эдийн засаг муудсан ч сайжирсан ч ар талд нь хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчид, татвар төлөгчид, ажлын байр бий болгогчид л байдаг. Энгийн бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг үнэнийг мөрдөж, улсаа дэлхийд “муу нэртэй, луу данстай” болгохгүйн төлөө, хүчирхэг хувийн хэвшилтэй, өрсөлдөх чадвартай өөдлөн дэвжих Монгол болгохын төлөө хамтран ажиллацгаая” хэмээн МҮХАТ-аас уриалсан байна.
.А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ